Ц.Түмэнбаяр: Зохиолчийнх нь нэрийг нь солиод тавьчихад онц ялгарахгүй бүтээл олон байна

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Ц.Түмэнбаяр: Зохиолчийнх нь нэрийг нь солиод тавьчихад онц ялгарахгүй бүтээл олон байна

Д.Нацагдоржийн шагналт, зохиолч Ц.Түмэнбаяртай ярилцлаа.

-Таныг инженер хүн гэдгийг тань мэднэ. Яаж яваад уран зохиолын хүн болов оо?
– Хүнд албан ёсоор олж авсан боловсрол гэж байдаг. Миний үндсэн мэргэжил радио элетроникийн техникч л дээ. Гэхдээ дунд сургуулийн гуравдугаар ангид байхаасаа  уран зохиолыг сонирхон оролдож эхэлсэн.  Ер нь албан бус боловсролоор уран зохиолын мэргэжил эзэмшсэн гэж ойлгож болно. Хожуу утга зохиолын магистрын зэрэг хамгаалсан.  
– Анхны бүтээл тань шүлэг байв уу, эсвэл үргэлжилсэн үг үү?
– Шүлэг байсан. Ихэнх зохиолчдыг хараад байхад шүлгээр эхэлсэн байдаг л даа. Тухайлбал С.Эрдэнэ, С.Дашдооров, Д.Маам, манай үеийнхнээс Д.Энхболд, П.Баярсайхан  гээд олон зохиолчийг нэрлэж болно.
-Таны багш Ардын уран зохиолч, Төрийн шагналт  С.Эрдэнэ, нэрт яруу найрагч М.Цэдэндорж гэж хүмүүс ярьдаг. Энэ хоёр хүний хэн нь таны уран бүтээлд голлох үүрэг гүйцэтгэсэн бэ?
-Багш гэдэг үгийг би харьцангуйгаар ойлгодог. Эмээ, өвөөгийнхөө амнаас сонссон ардын аман зохиолоос эхлээд олон эрдэмтдийн утга зохиолын судалгааны бүтээл, монголын болон гадаадын зохиолчдын олон бүтээлийг уншиж утга зохиолын амтанд орсон. Тэгэхээр энэ бүгд л миний багш юм. Харин утга зохиолын замд хөтөлж оруулсан багш гэвэл “Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч,,, “ хэмээх монгол эрчүүдийн эх орныхоо төлөө өргөдөг тангараг шиг сайхан шүлгийг бичсэн Д.Нацагдоржийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч  Ц.Цэдэнжав, яруу найргийн анхны багш маань яруу найрагч Дарь.Нацагдорж, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн нэрт зохиолч Санжийн Пүрэв, Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж багш маань юм даа. Мэдээжийн хэрэг СЭрдэнэ багш, М.Цэдэндорж нарын нөлөө нөөлөг байлгүй л яахав дээ. Ялангуяа богино өгүүллэг бичихэд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол С.Эрдэнэ багш.
-Нэг хэсэг маш цөөхөн эмэгтэй зохиолч байсан. Харин одоо Х.Болор-Эрдэнэ,  Л.Өлзийтөгс гээд олон бүсгүй өгүүллэг, тууж бичиж байна. Тэдний  бичлэгийн ур дүй таны үетэй харьцуулбал?
-Тийм ч цөөхөн эмэгтэй зохиолч байгаагүй байх аа. С.Удвал гуай, Д.Гарамжав,  Ч.Алагаа, Б.Даариймаа, Батын Лхагвасүрэн зэрэг олон хүн бичиж байсан.  Харин одоо олон охид үргэлжилсэн үгээр бичиж байна. Тухайлбал, Х.Болор-Эрдэнэ, Р.Эмүжин, О.Энхжавхлан, Л.Өлзийтөгс нарын зэрэг авьяаслаг уран бүтээлчид бий. Харин сэдвийн хувьд хязгаарлагдмал байна уу гэж боддог. Хооронд нь ялгахад их төвөгтэй. Зохиолчийнх нь нэрийг нь солиод тавьчихад онц ялгарахгүй санагддаг.
-Таны олон сайхан зохиолыг уншиж байсан. Тэр дундаа “Удган” өгүүллэгийн тань талаар онцлон сонирхож  байна?
-Энэ зохиол олон уншигчийн анхаарал татсан. Санкт-Петербургийн их сургуулийн  Дорно дахины  хүрээлэнгийн Монгол-Төвд судлалын төвд  “Удган”-ыг хэл шинжлэлийн талаас нь үг, өгүүлбэрийг нь  задалж, тусгай хөтөлбөрт хичээл болж ордог юм билээ. Бас энэ зохиолоор дэд докторын зэрэг хамгаалсан хүн ч бий. Удганыг  амьдрал домог хоёрыг сүлж бүтээсэн.  Гол дүр нь Дундговь аймгийн Өндөршил сумын үгээгүй ядуу амьдралтай Тамбаа гэдэг ганц чавганцаас сэдэвлэн бичсэн.  Энд нэг хүнд цогцолсон удган, эх хэмээх хоёр хувь заяаны  зөрчлийг  харуулсан юм. Энэ өгүүллэгт Тангуд удганы шүтээн удган модны үр жимсийг нь харийнхан түүснээс болж, түүний онгод тэнгэр нь хүүгий нь харж байсан сахиус нь хаяж, хүү нь дайны талбарт үхэж байгааг бөөлж байхдаа олж харж байгаа тухай өгүүлдэг. Уг нь удган заяандаа хүлэгдэж тайгадаа баймаар авч, эх хүний сэтгэл нь дийлж, хүүгийнхээ хойноос зүгээ мэдэхгүй тэмтчин явж, удган тавилангаа орхиж байгаагаар төгсдөг юм.
-Таныг зургаан настай хүүхдүүдэд зориулж кино бичсэн гэж сонссон. Хүүхдийн кино ховор байгаа өнөө цагт цаг үеэ олсон сайхан бүтээл гарах байх гэж горьдож байна?
-Би охиндоо зориулж  “Том болдог эм” гэдэг өгүүллэг бичсэн юм.  СУИС, РТДС, КУДС, “Зохиомж” зэрэг хэд хэдэн их дээд сургуулийн оюутнууд уран уншсан. Дашрамд дурдахад миний өгүүллэгүүд дээрх сургуулийн хөтөлбөрт ордог.  Энэ зохиолыг дэлгэрүүлж, зургаан настай хүүхдүүддээ бэлэг барьж байгаа юм. Ирэх хичээлийн жилийн эхээр олны хүртээл болох байх. Нэрт найруулагч Г.Жигжидсүрэн найруулж байгаа.
-Өө тийм үү. Г.Жигжигдсүрэн гэснээс таны “Цагаан сүүний домог” киног бас найруулсан байх аа?
-Тийм ээ.  Энэ бол Хувнагваралын  туужаас  / шашны / сэдэвлэсэн юм. Зөвхөн эх хүний талаас нь бичсэн л дээ. Түүнийгээ бас л дэлгэрүүлж 2000 онд дээрх киног бүтээсэн. Уг кинон дээр ханын нүдээр  зөрүүлдэг нь миний бага хүү шүү дээ. Төрөөд дөрөв хонож байхдаа кинонд “тоглосон”  юм.  
-Яасан мундаг хүү вэ, өөр кинонд тоглосон уу?
-Тоглоогүй:
-Таны зохиолыг ажиж байхад их нарийн мэдрэмжтэй байдаг. Жишээ нь “Мэргэнд буусан чоно”, “Өндгөн эс” гээд нэрлэвэл нэлээн шүү…?
-Мэдрэмжгүй зохиол гэж юу байхав. Дан санаагаар бичнэ гэж байхгүй, Мэдрэмжээр л үг, уран санаа орж ирнэ шүү дээ.
-Ер нь та уран бүтээлийнхээ санааг хэрхэн олдог вэ?
-Амьдралаас, ер юунаас ч олж болно л доо
-Та зохиол бичихээс гадна багшилдаг. Одоо аль аль сургуульд багшилж байна вэ?
-Радио телевизийн дээд сургуульд электрон сэтгүүл зүйн хичээл орж байна. Электрон сэтгүүл зүй бол манай төдийгүй олон улсын хэвлэлийн мэдээллийн салбар дахь шинэвтэр ололт амжилт юм. Тиймээс манай сэтгүүлч, зохиолчдод энэ талын мэдлэг зайлшгүй хэрэгцээтэй болжээ. Иймд сэтгүүлч, зохиолч, оюутан, сурагчид, ер нь электрон мэдээлэл сонирхогч хэн бүхэнд зориулан Радио телевизийн сургуулийн захиалгаар “Электрон сэтгүүл зүй” гэсэн ном хэвлүүллээ. Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд хүүрнэл зохиолын ур чадварын хичээл орж байна.
-Та одоо ямар уран бүтээл хийж байна?
-Удахгүй Монголд дэлхийн 100-аад орны эмэгтэйчүүдийн сангийн тэргүүнүүдийн чуулга уулзалт болох гэж байна. Үүнд зориулж англи хэлээр орчуулагдсан өгүүлэгүүдээ эмхтгэн ном хэвлүүлж байна. Шинэ өгүүллэгүүд их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын тухай тууж бичиж байна.
-Та “Цог” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажилладаг. Сэтгүүлд ирж байгаа бүтээлүүдээс харахад өнөөгийн богино өгүүллэгийн чанар ямар байна вэ?
-Яруу найргийн тэмцээнүүд шил шилээ даран зохион байгуулагддаг. Тийм болоод ч тэр үү, бичихэд цаг хугацаа бага ордогт нь ч тэр үү шүлэг бичдэг залуус л олон байх юм. Өгүүллэг бичдэг хүн эртнээсээ л цөөн байсан. Тэр чигээрээ л байна. Тийм болохоор өгүүллэгийг сайн бичиж байгаа хэдхэн хүн л байна. Өгүүллэгийн чанарт төдийлөн ахицтай өөрчлөлт ороогүй гэдэгтэй санал нийлнэ.
-Таны уран бүтээлийн талаар нилээд судалгааны бүтээл байдаг, Ер нь судлаачид хэр оновчтой дүгнэсэн байдаг вэ?
-Монголоос гавьяат багш, доктор Д,Галбаатар, Ч.Билэгсайхан, утга зохиол судлаач Д.Өлзийбаяр болон магистр, бакалавр хамгаалсан оюутнууд, Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн монголч эрдэмтдийн хийсэн хэд хэдэн судалгааны бүтээл байдаг. Жишээ нь Д.Галбаатарын “Богино өгүүллэгийн шинэ хатан хаан” өгүүлэл, М.Петровагийн “Ц.Түмэнбаярын сэтгэлзүйн өгүүллэг” гэх мэт хэд хэдэн өгүүлэл бий. Тэнд миний өөрийн бодоогүй, бас ажиглаагүй сонин сонин зүйлийг олж харж дүгнэсэн байдаг. Надад тэр нь их сонирхолтой санагддаг. Жишээ нь “Цагаан сүүний домог”-ийг би Хув навгарлын туужааөс сэдэвлэсэн гэж хэлж байсан. Эхийн цагаан сүү ертөнцийг аварна гэдэг санаа л гаргах гэсэн юм. Гэтэл түүнийг Оросын судлаачид үндэстнүүдийн хоорондын дайн тулаан 1990-ээд оноос хойш их гарсан учраас түүний эсрэг цаг үеэ олж бичсэн зохиол гэж дүгнэсэн байх жишээтэй. Гэтэл цаг үе нь зохиолын утга санаа нь яв цав таарч байсан.
-Таны уран бүтээлийн сайн андууд хэн хэн байдаг вэ? Жишээ нь анхны ном чинь радиогийн зөөлөн дуут гэдэг Б.Энхтуяагийнхтай хамт гарч байсан. Та хоёрын их найз байсан гэж ярьдаг.
-Мэдээж уран бүтээлийн андууд байлгүй яахав. Б.Энхтуяа бид хоёр их найзалж байлаа. Бас Ардын уран зохиолч хөдөлмөрийн баатар төрийн шагналт Д,Пүрэвдоржийн “тэнхим” гэхээр утга зохиолын хүрээнийхэн андахгүй. Тэр тэнхимд 1980-аад оных гайгүй гэсэн авьяастай уран бүтээлч залуус суралцаж байлаа. Тэнд Д.Энхболд, П.Баярсайхан, Д.Баттөмөр, О.Содномпил, сумын заан гэдэг байсан Ч.Мягмарсүрэн, Б.Доржпалам, Ц.Чимиддорж, Д.Төрбат гээд нэрлээд байвал олон. Уран бүтээлийн жаргал зовлонгоо хамгийн их хуваалцаж явдаг нь Д.Баттөмөр, О.Содномпил, Д.Дашбалдан нар юм уу даа. Ялангуяа манай О.Содномпил бол их уншсан, мэдрэмжтай, бас намайгаа ч сайн мэднэ. Чин үнэн шүүмжлэлийг хэлж чаддаг. Тийм учраас би О.Содномпилээр номоо редакторлуулдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж