-Засгийн газраас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн эхний мөнгийг иргэд хэзээ гар дээрээ авах вэ?
-Хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бөөнөөр нь олгох боломж хомсхон байгаа. Тиймээс гурав хувааж олгохоор болсон. Яагаад гэхээр сая төгрөгийг бөөнөөр нь тараачихвал инфляци үүснэ. Тиймээс инфляцийг барихын тулд энэ мөнгийг гурав хувааж өгөхөөс өөр аргагүй байгаа. Зарим хүн бөөнөөр нь авна гэж бодож байгаа байх. Тийм зүйл байхгүй.
-Тэгээд хэд, хэдээр нь тасалж өгөх юм бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудад нэг сая төгрөгийг олгоход 334 тэрбум төгрөг шаардлагатай. Ямартай ч энэ сард 330 мянган төгрөг, ирэх тавдугаар сард 330 мянган төгрөг, зургаадугаар сард 340 мянган төгрөг олгох юм. Гэхдээ мөнгө нь орж ирээгүй байна. Засгийн газар санхүүжилтээ хийсэн цагт мөнгийг нь олгоно.
-Иргэдийн “Хүний хөгжил сан”-гийн дэвтэр дээр бичилтийг нь хийж эхэлсэн гэлүү?
-Тийм, өнгөрсөн долоо хоногоос иргэдийн дэвтэрт бичилтийг нь хийж эхэлсэн. Иргэд хороо, хорин дээрээ очиж бичилтээ хийлгүүлэх хэрэгтэй.
-Аль банкаар тараах юм бэ?
-“Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөг тараадаг арилжааны гурван банкаараа тараана. Капитал, Хаан, Хадгаламж гэсэн гурван банкаар хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх сая төгрөгийг тараах юм.
-Ирэх зургадугаар сараас иргэн бүрт сар бүхэн олгодог 21 мянган төгрөгийг тараах ажил дуусгавар болох байх аа?
-Тийм. Төрийн түшээдийн сонгуулийн амлалт болох 1.5 сая төгрөг олгох ажлын хүрээнд 500 мянган төгрөгийг ирэх зургаадугаар сард олгож дуусах юм. Тодорхой хэлбэл,, иргэн бүрт олгож буй 21 мянган төгрөгийг ирэх зургадугаар сараас хойш өгөхгүй. Оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр нэг сая төгрөгөө авчихсан. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гурав хуваан нэг сая төгрөгөө авна. Эндээс харахад 300 гаруй мянган иргэн 1.5 сая төгрөгийг нь төр засаг олгосон гэсэн үг. Үлдсэн нь сая төгрөгөө хувьцаа хэлбэрээр авах байх.