
эх сурвалжийн судалгаагаар ард түмний /сонгогчдын/ 70 хувь нь
өөрчлөлтийг хүсч байгаагаа илэрхийлжээ. Өөрчлөлт, гэхдээ чухам юуг
өөрчлөхийг хүсч буй нь тийм ч тодорхой биш. Өсөлт нь хүндээ наалддаггүй
эдийн засгийн бодлогыг, баялгийн шударга бус хуваарилалтыг, бүхнийг
шийдэх эрх мэдэлтэй нам, хүчнийг… гэхчлэн хүсч буй өөрчлөлт нь юу ч
байж мэдэх аж. Ерөнхийдөө ийм хөрс суурин дээр энэ удаагийн УИХ-ын
сонгууль болох нь ээ.
Өөрчлөлтийн анхны шанг татахуйц нэг зүйл
нь гэвэл УИХ-ын энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах
хууль зүйн орчин юм. Улс төрийн намууд, тэр дундаа жижиг намууд
сонгогчдын өгсөн саналын хувьд тэнцүүлж суудал авахаар болсон нь
өөрчлөлтийн нэг хэсэг. Үүний үр дүнд жижиг намууд таван хувийн
босготойгоор парламентад орж ирэх магадлал өндөрссөн ба хоёр том намын
аль нэг нь үнэмлэхүй олонх болдог савалгаа багасч буй хэрэг. АН, МАН-аас
гадна парламентад гуравдагч болж орж ирэх намын роль маш чухал, яагаад
гэвэл хэн олонх болсонтой нь хамтарч Засгийн газар байгуулах хэмжээний
чухал байр суурин дээр ч очиж мэдэхээр байгаа. Дахиад судалгаанаас иш
татахад сонгогчдын санал Ардчилсан нам ба МАН руу тус тус 30 хувиас
багагүй хэмжээгээр, мөн гуравдагч хүчнүүд рүү тэр орчим хувийн санал
явахаар байгаа аж. Өөрөөр хэлбэл, сонгогчдын 30 орчим хувийн санал
гуравдагч хүчнүүдэд хуваагдах төлөвтэй. Үүн дотроо ИЗНН, Н.Энхбаяр ба
М.Энхсайханы намууд энэхүү 30 хувь дээр өрсөлдөх боломжтой байгаа аж.
Тэгэхээр ИЗНН, МАХН тус бүр дор хаяж таван хувийн босгоо даваад
парламентад ороод ирэх таамаглал үнэний хувиар тун өндөр болж байна.
Харин
намуудад сонгогчдоос ирэх саналын хувь хэмжээг парламентад шууд
төлөөлөх эрхмүүд хэн хэн байх вэ гэдэг л одоо хамгийн чухал бөгөөд
сонирхолтой асуудал болж байна. Нэг үгээр бол пропорционалиар сонгогдох
28-ын жагсаалтад хэн багтах вэ? Намынхаа авсан саналыг УИХ-д шууд
төлөөлөх эрхтэй “лист”-нийхэн хэн, хэн байх вэ гэдгийг тодруулах
шалгуур, хэмжүүр одоо хэрэгтэй боллоо. Яагаад одоо л хэрэгтэй болов,
өмнө нь ийм шалгуур хэрэггүй байсан гэж үү?
Намын нэрсийн
жагсаалтыг гулсдаг байдлаар гаргахаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд
тусгаад байсан ч энэ заалт Үндсэн хуулийн Цэц дээр унаж, Цэцийн уг
шийдвэрийг МАН-ын бүлэг хүлээж аваад байсаг ч УИХ хүлээж авахаас
татгалзчихлаа. Тэгэхээр нэр дэвшигчдийн тойрог дээрээ авсан саналын
хувиар 28-ын жагсаалтыг гаргах зарчим энэ удаад үйлчлэх эсэх нь
эргэлзээтэй боллоо гэсэн үг. Яаж ч магадгүй нөхцөл байдал үүсч байна.
Намын жагсаалтыг “гулсдаг” байдлаар гаргахын давуу тал нь 28-ын жагсаалт
дотроо хэн, хэддүгээрт бичигдэхийг сонгогчид эрэмбэлэх бололцоотой.
Харин “гулсдаггүй” тохиолдолд жагсаалтын хэдэд хэнийг жагсаахыг нам
дотроо шийдэх болж буй юм. Тэгэхээр нэгдүгээрт болон адгийн 28 дээр
хэнийг, яагаад, ямар учраас бичиж байгааг тайлбарлах шалгуур одоо
хэрэгтэй болж байна.
АН ба МАН-ын хувьд дор хаяж сонгогчдын 30
гаруй хувийн саналыг авна гэж үзвэл жагсаалтын эхний 10 хүн л
парламентад суудал авах боломжтой. Жижиг намуудын хувьд таван хувийн
босго давлаа гэж бодоход жагсаалтынхаа эхний 2-3 нэр дэвшигч л
магадлалтай. Тийм болохоор жагсаалтыг эрэмбэлэх шалгуур тун чухал зүйл
гэдэг нь ойлгомжтой харагдана. Аль ч нам юуны өмнө албан тушаалын
эрэмбийг харгалзах нь эргэлзээгүй биз. Үүний дараа тухайн улстөрчийн
туршлага, хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг харгалзахаа намуудын удирдлагууд
хэлж байгаа ч дараагийн чухал шалгуур юу байх вэ гэдэгт бүгд өөр, өөр
зүйл хэлж байна. Тухайлбал, эмэгтэй нэр дэвшигчид гэдэг “шалгуур”-ыг
зарим нам чухалчлахаар байгаа бол зарим нь намдаа оруулсан санхүүгийн
хувь нэмрийг нь харгалзахаар болжээ. Мөн нөгөө талын өрсөлдөгч намууд
жагсаалт болон тойргийн оноолтоо хэрхэн гаргахаас ч хамаарна. Гэхдээ
намууд бүгдээрээ шахам л өөр өөрсдийн дүрмийн хүрээнд нэр дэвшигчдийг
тодруулна гэдэг албан үгээр сэтгүүлчдийн асуултад хариу барьж байгаа.
Өөрөөр хэлбэл, намын анхан шатны байгууллагын санал, шийдвэр чухал гэж
буй ч нарийн дээрээ бол зарим тохиолдолд намын дүрмийг хэрэгсэхгүйгээр
намын удирдлага, дээд шатны байгууллагынхаа бодлого, тактикаар явахаас
өөр аргагүй гэдгийг дотроо хүлээн зөвшөөрцгөөж байгаа аж. Ардчилсан намд
л гэхэд зарим аймаг, дүүрэг дээр намын хороод нь дотроо хэд хэд
хуваагдан тамгаа булаалдахдаа хүрсэн нь нэр дэвшигчийг тодруулах эрх
мэдлээ булаалдсанаас үүдэлтэй юм. Ийм маргаанаа таслах эрхийг намын
анхан шатны байгууллагадаа үлдээгээд хэнийг хаанаас нэр дэвшүүлэхээ
өөрсдөө мэд ээ гээд хаячихгүй л байх. Хэнийг хаанаас нэр дэвшүүлэх,
тэрчлэн хэнийг тойрогт, хэнийг жагсаалтад багтаахаа намын удирдлага л
шийдэж таарах биз. Тэгэхээр намын жагсаалт гэх 28-ын нэрсийг намын
удирдлагын хүрээний шалгуураар эрэмбэлж таарах нь. Сонгогчдын саналаар
эрэмбэлэхээс илүү шударга, үнэн зөв болох магадлал үүний цаана бас
байгааг ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гулсдаг байдлаар жагсаалтыг шийдэх
нь шалгуур, эрэмбийг зөвхөн удирдлагууд биш сонгогчид шийдсэн гэдэг
зарчмаараа давуу болохоос биш намын бодлого, эрх барих байгууллагын
хүрээний шалгуур нь илүү бодитой байх магадлалаар өндөр юм. Өнөөдрийн
байдлаар намууд нэрсийн жагсаалтын болон тойргийн оноолтоо хар зургаар
гаргаад байгаа ч маш сайн нууцалж байгаа. Энэ нь тоглогчдын гар дахь
хөзрийн модтой адил өрсөлдөөний өмнө дэлгэж болохгүй зүйл аж.