Төр засгийн “томчуул” сонгууль гээд завгүй байх хооронд Монгол Улсын сэтгэцийн өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдсээр. Хамгийн харамсалтай нь 60 мянган хүний талаас илүү хувийг залуучууд эзэлж байгаа гэх судалгаа гарчээ. “Сүүлийн үед сэтгэцийн өвчин эрс залуужиж байна. Үүнд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь гэр бүлийн хүмүүжил. Тухайн гэр бүл хүүхдээ анзаарахгүй, хайхраагүйгээс болж сэтгэцийн өвчлөлд залуус нэрвэгдэж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ маш сайн анхаарал тавих хэрэгтэй” гэж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн II тасгийн эрхлэгч Р.Минжмаа ярьсан юм. Сүүлийн таван жилийн хугацаанд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв буюу олны нэрлэж заншсанаар “Шархад”-ны эмнэлэгт эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэж, ачааллаа дийлэхгүй болоод буй. Сэтгэцийн өвчлөл нэмэгдэх болсны гол шалтгааныг мэргэжилтнүүд нийгмийн байдал, эдийн засгийн төвшинтэй холбон тайлбарлаж байна. Мөнхүү сэтгэл гутралаас болж сэтгэцийн архаг хямралд орсон хүмүүс цөөнгүй ирэх болжээ. Монгол Улсын насанд хүрсэн нийт хүн амын 20 хүрэхгүй хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай бол, гурван хувь нь сэтгэцийн архаг өвчинтэй гэсэн тоо гарчээ.
Сэтгэцийн өвчлөл нь үе дамжин удамшдаг аж. Сүүлийн үед Монгол Улсад цус ойртолт маш их байгаа бөгөөд үүний уршгаар төрөлхийн гажигтай, оюуны хомсдолтой хүүхдүүд ихээр төрөх болсныг мэргэжлийн эмч нар ярьж байна лээ. “Нярай хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх ялангуяа сэтгэцийн хөгжилд нөлөөлдөг тархи, нугасны гэмтэл, халдварт менингит зэрэг аюулт өвчнөөс урьчилан сэргийлэх хэрэгтэй. Мөн сэтгэцийн өвчтэй хүмүүсийг эрт илрүүлж эмнэлгийн хяналтад тогтмол байлгаж, системтэй эмчлэн сувилах нь зөв. Нөгөөтэйгүүр сэтгэцийн хувьд тулгамдсан асуудалтай хүмүүс амьдралын аливаа бухимдал зовиур шаналалд өртөмтгий, сэтгэл санааны хувьд тогтворгүй, сэтгэл хөдлөл, зан төрхийн үйлдлүүд нь түргэн байдаг. Энэ нь цааш даамжрах юм бол сэтгэцийн эмгэг болж хүндэрдэг” гэж сэтгэл судлаач Б.Эрдэнэбаатар ярив.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар манайд хамгийн элбэг тохиолддог шинж тэмдэг нь нойргүйдэл ажээ. Хүн нойргүйгээр 3-7 хоноход л солиорлын хам шинж илэрдэг ажээ. Үүнийг эмнэлэгт нойрны солиорол гэж нэрлэдэг аж. Нойргүйдэл хүндрэх юм бол ажлын бүтээмж буурч шалтгаангүй уур хүрэх, бухимдах, нойр хүрэхгүй байх, мартамхай болох, гар, биеийн аль нэг хэсэг хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Гэхдээ ард иргэдийн дийлэнх нь дээрх шинж тэмдгүүдийг тоолгүй явснаар өвчин нь хүндрэх тохиолдол байдаг ажээ. “Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд өөрийг чинь хамгийн сайн ойлгодог найз нөхөдтэйгөө ярилцаж, агаар салхинд гарч байх нь хамгийн зөв сонголт. Бас хамгийн дуртай зүйлээ хийх ядаргаа болоод стрессээс сэргийлэх хамгийн зөв алхам болдог. Нөгөөтэйгүүр хувь хүн бүр миний амьдрал болж байна гэх мэтчилэн сэтгэлийн тэнхээтэй хандаж, аль болох асуудлыг эерэгээр харах нь чухал” гэж сэтгэлзүйч эмч Г.Эрдэнэтуяа зөвлөж байна.
Гадны улс гүрнүүд ногоон байгууламж, соёл амралтын хүрээлэн барих гээд “улайраад” байдаг нь цаанаа учиртай. Хүн амаа стресст өртүүлэхгүй байхын тулд л ингэж хичээдэг гэсэн. АНУ төсвийнхөө 10 гаруй хувийг, Япон улс 20 гаруй хувийг зарцуулдаг стрессийн эсрэг зарцуулдаг судалгаа бий. Ингэснээр АНУ-д л гэхэд 1970 оноос хойш сэтгэцийн өвчинтэй хүмүүсийн тоо тодорхой хэмжээгээр буурсан гэх үзүүлэлт гарчээ. Япон улсад ч мөн ялгаагүй. Хаа сайгүй, амралтын газар, ногоон байгууламж бүтээж, хүмүүсийг сардаа нэг удаа үнэ төлбөргүй сургалтад хамруулдаг ажээ. Харин Монгол Улсад одоогийн байдлаар сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах талаар дорвитой бодлого алга. 2000 онд Эрүүл мэндийн яамнаас “Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр” гэгчийг баталснаас өөр зүйлгүй л сууна. Гэтэл Сүхбаатар дүүрэгт сэтгэцийн өвчтэй 689, Баянгол дүүрэгт 770, Чингэлтэй дүүрэгт 1007, Баянзүрх дүүрэгт 1168, Хан-Уул дүүрэгт 836, Сонгинохайрхан дүүрэгт 558 хүн амьдардаг. Эдгээр хүмүүсийн талаас илүү хувь нь амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур хүмүүс тул хэвтэж эмчлүүлэх боломж байдаггүй ажээ. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв ачааллаа дийлэхгүй гэдэг том шалтгаан бас бий.
“Ер нь сэтгэцийн өвчтэй хүмүүсийг нэг их тоодоггүй юм шиг харагддаг. Шархадны эмнэлгийг ч хүмүүс толгойдоо “юмтай” хүмүүсийн эмнэлэг гэж ойлгодог. Яг үнэндээ нийгэмд аюултай үйлдэл хийж болохуйц, өөрийнхөө амийг ч хорлох магадлалтай хүмүүс эмчлүүлдэг. Төр засгийн удирдлагууд үүнд анхаарлаа хандуулах цаг нь болсон” гэдгийг ч Б.Эрдэнэбаатар эмч дуулгав.
Эрхэм уншигч та дотроо 100 тоол. Нэг, хоёр, гурав гээд 100 хүртэл тоолоход Монгол Улсын хаа нэгтээ нэг хүн сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаа гэхээр аймшигтай.