Оросын тэнгисийн цэргийнхэн хөлгийг аврах үйл ажиллагааныхаа үеэр 10 далайн дээрэмчинг баривчилж, нэг далайн дээрэмчинг алсан байна гэж РИА Новости агентлаг Улаанбаатарын цагаар пүрэв гаригийн 15 цагт Москвагаас мэдээллээ. Дээрэмдүүлсэн хөлөг дээр Оросын 23 далайчин явж байсан. Аврах тусгай ажиллагаа явуулах үеэр Оросын далайчид нисдэг тэрэг болон хурдан завь хэрэглэсэн бөгөөд газрын тос тээвэрлэгч хөлөг рүү нууцаар дөхөж очин богино хугацаанд буудалцсаны дараа барьцаалагдсан далайчдыг чөлөөлсөн байна. Далайн дээрэмчдийг тос тээвэрлэгч хөлгийн нэгэн өрөөнд хориод байжээ. Дээрэмчид том калибрын буу, гранат шидэгч болон янз бүрийн дэгээ, дүүгүүрээр зэвсэглэсэн байсан байна.
Т.Бадрах