Саяхан л нүцгэн мөчир дээр бээвийтэл сууж асан болжморууд хаврын илч муутай боловч ээвэр наранд бяцхан далавчаа дэрвэлзүүлэн цовоолгоор жиргэж байгаа шиг дүн өвлийн тэсгэм хүйтэнд хар үүрээр автобус хүлээн, хөлөө дулаацуулах гэсэндээ хөлдүү газар дороо дэвхцэн зогсдог жаалууд харанхуйгаас айж, хавийн нохойноос зугатаж, автобусны кондукторуудад адлагдаж явсанаа ор тас мартсан мэт цүнхээ савчуулан дэгдэх. Өнөөдөр инээж гүйж яваа тэднийг харахад өвөл болохоор яана даа гэж сэтгэл хөндүүрлэх. Хүүхэд л юм болохоор хөхөө өвлийн хүйтний зовлонгоо тэд аль хэдийн мартчихаж. Харин томчууд бид үүнийг хавар болчихлоо гээд “Харанхуйд бүдчих сургуулийн зам”-ыг мартах учиргүй байх.
Уншигч та лав дүн өвлийн хүйтнээр “АЭ” сонины дунд сургуулийн сурагчдыг автобустай болгох санаачлага гарган хөндөн бичсэн цуврал нийтлэл, сурвалжлагыг санаж байгаа байх. Хотын хэт их төвлөрлийг дагаад хаа холын газраас сургуулиа зорих жаалууд автобусанд амжиж суухын тулд үүрийн харанхуйгаар бүдчин, өвлийн хүйтэнд автобус хүлээн бөнжигнөн зогсч, оюутан ах эгч нарын үнэмлэхээ үзүүлээд дураараа зорчиж болдог автобусанд эр чадал заан шургалан ороод кондукторуудад нүд үзүүрлэгдэж, микроавтобуснуудад бол хөөрхий жаалуудыг багтаах ч зай олддоггүй талаар “Харанхуйд бүдчих сургуулийн замаар…” сурвалжлага гарсны дараа бараг уншсан, сонссон хүн бүр л чин сэтгэлийн үгээ илгээж бидний санаачлагыг дэмжиж байсан. Балчирхан тэднийг багтаах автобус олддоггүй, автобус олдлоо ч мөнөөх л хотын их төвлөрлөөр хаа холын сургуулийг зорихоос өөр аргагүй болсон жаалууд өглөөний бүрэнхий, оройн харанхуйд гэр хорооллын харанхуй гудамжаар нохой шувуу шуугиулан ирж очдог бодит үнэн томчууд бидний сэтгэлийг эмзэглүүлсэн сэдэв гэдгийг хэн хүнгүй ойлгож байгаа.
Наашлах цагийн аяс, урин цагийн дохиотой зэрэгцээд сонгуулийн хэмээх солиорол нэмэгдэж энэ сэдэв мартагтаж байх вий гэсэндээ л ийнхүү дахин дахин сануулж буй хэрэг шүү дээ. Бяцхан жаалуудад санаа тавьсан манай цуврал нийтлэлийн бас нэг сэдэв нь сонгуульд санал өгдөггүй учраас л үр хүүхэдтэй хэн боловч сэтгэлээ чилээж л байх ёстой энэ асуудал эрх баригчдын анхаарлаас ангид байна уу гэсэн хөндүүрлэл байна. Үнэхээр ч өгье гэвэл ганцаасаа гэдэгчлэн сэтгэл байвал бүтээж болох нь энэ хөндүүр сэдвийг улстөрчид анхаарахгүй л байгаа. Санал өгөх насанд хүрсэн оюутнуудыг автобусаар үнэгүй явуулахын тулд 30 тэрбум төгрөг төсөвлөж чадаж байгаа томчууд зөвхөн дунд сургууль болгоныг нэг автобустай болгож ядахдаа бага ангийн багачуудыг хөлдөж осгохгүй, айж сандрахгүй магадгүй гэмт хэргийн золиос болгохгүй замыг хааж чадах л байсан. Гэвч харамсалтай нь яг одоогийн байдлаар балчирхан багачуудыг аюул осолгүй байлгах санаачлагыг эрх баригчид холбогдох яамныхнаас дэмжсэн илэрхийлэл сонсогдоогүй л байна. Манай цуврал сурвалжлагад холбогдох яамныхны зүгээс үнэхээр дэмжүүштэй санал гэж хүлээн зөвшөөрсөн ч үүнийг шийдэхэд УИХ, Засгийн газрын төвшинд яригдахаас өөрсдийнх нь эрх мэдэл, бэл бэнчин хүрэхгүй гэсэн утгатай хариулт өгч байсныг та бүхэн санаж байгаа байх аа. Сонгуулийн халуун хэдийнэ дэгдээд байгаа энэ үед Засгийн газар, УИХ-ын зүгээс өмнөх амлалтаа хэрхэн биелүүлсэн царай харуулах, бүр цаашилбал санал өгөх насныхныг хэрхэн “панаалдах” вэ гэснээс өөр бодол санаа төрөх ч зай завсар байхгүй байгаа биз. Гэвч бид яг л энэ сонгуулийн халуун цагаар, хаврын урин өдрүүдээр балчирхан үрсийнхээ талаар санаа тавиасай гэсэн саналаа дахин дахин сануулах нь зүйтэй гэдгээ илэрхийлж байна. Өнөөдөр цаг тавирч, гадаа дулаарч хүүхдүүд даарахгүй болсон ч хахир хүйтэн өвөл ирдгээрээ л ирнэ. Харин хөөрхий бяцхан үрс маань өнгөрсөн өвлүүдийн адил ирэх өвлүүдөд бүү даарч хөрж, айж хулгаж байгаасай гэдгийг дахин, дахин сануулсуу. Сургуулийн сурагчдыг “BUS”-тай болгоно гэдэг нэг өвөл, нэг хавар яриад бүтэх ажил биш ч гэж албаны хүмүүс өгүүлж буйг бид дамжуулсан тийм ч учраас өнөөдөр ч гэсэн энэ асуудлыг сануулж, бас санаж эхний алхмаа ч болтугай хийж харуулаач гэж томчуудад сануулж байна. Бяцхан үрсдээ санаа зовниж байгаа эцэг эхчүүд та бүхэн ч гэсэн санал бодлоо илэрхийлж, чадвал холбогдох албаныхан, улстөрчдийн чихнээс хонх уяарай. Бүгдээрээ хамтдаа үр хүүхдээ ирэх өвөл дахиад л даарч хөрж автобус хүлээж зогсуулахгүйн төлөө “Харанхуйд бүдчих сургуулийн зам”-ыг дахин дахин сануулья.
Бидний энэ алхам ирэх жил хичээлээ тарж явсан хүүхэд сураггүй алга болов, гудамжны золбин нохой хүүхэд уржээ, балчирхан охин гэр хорооллын харанхуй гудамжинд хүчиндүүлж амь насаа алджээ гэсэн аймшигт хар мэдээг зогсоож ч чадна шүү дээ, томчууд аа.