-“Саусгоби сэндс” компани хятадуудад хувьцааныхаа дийлэнх хувийг худалдсан нь нэлээд шуугиан тариад байгаа. Зарим хүмүүс үүнийг хууль бус үйлдэл гэж эсэргүүцэж буй. Энэ талаар та ямар байр суурьтай байна?
-Хууль бусаар худалдсан гэж хэлэх боломжгүй. Монгол Улс өөрийн гэсэн хууль дүрэмтэй. Тэр хуулиар бол үүнийг хориглосон, хязгаарласан асуудал байхгүй. “Саусгоби сэндс” компани хяналтын хувьцааныхаа 60 хувийг Хятадын төрийн өмчит компани худалдан авсан гэсэн. Гэхдээ Монголын хуульд үүнийг хориглосон зүйл байхгүй болохоор хууль бус үйлдэл гэж хэлж болохгүй. Тэгээд ч яг эцэслэн шийдэгдээгүй л асуудал. Харин хуулиар хориглосоор байтал канадууд хятадуудад Овооттолгойг зарчихсан бол жинхэнэ хууль бус үйлдэл байх ёстой байсан юм. Ер нь Монгол Улс Ашигт малтмалын хуулиа яаралтай шинэчлэн батлахгүй бол асуудал хүндэрч магадгүй байна. Өнөөдөр л асуудал болгоод байгаа болохоос өмнө нь бас Гурванбулаг, Мардайн ордын лицензийг Канадын “Вестерн проспектор“ компани БНХАУ-ын Цөмийн энергийн корпорацид 31 сая канад.доллараар худалдсан асуудал хэдэн жилийн өмнө гарсан. Хэн ч тэр үед тоогоогүй. Тэгэхэд хуулиа эргэн хараад энэ талаар заалт тусгасан бол өнөөдөр Монгол Улс хуулиа барина гэх боломжтой байсан. Харин одоогийн нөхцөл төр канад болон хятадуудын наймаанд хаалт хийх хууль эрх зүйн үндэс байхгүй учраас дуугүй байхаас өөр яах ч билээ.
-Монголын стратегийн 15 ордын долоо нь хятадуудын мэдэлд шилжчихлээ. Гэтэл Монголын төр ямар ч арга хэмжээ авахгүй байна. Энэ нь ямар нэгэн байдлаар үндэсний аюулгүй байдалд нөлөө үзүүлэх үү гэсэн болгоомжлол бас сонсогдож байна?
-Эх орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Хамгийн гол асуудал нь Хятадын төрийн өмчит компани худалдаж авсанд л байгаа юм. Хятадын хувийн компани худалдан авсан бол ямар нэгэн маргаан гарлаа гэхэд Олон Улсын арбитрын шүүхээр асуудлаа шийднэ. Харин Хятадын төрийн өмчит компанитай маргаан үүсгэлээ гэхэд хоёр улсын Засгийн газар хооронд асуудал дэгдэнэ. Үүнд би эмзэглэж байна. Уг нь бол гадаадын төрийн өмчит компани стратегийн гэх ордуудыг эзэмшихийг хуулиар хориглох ёстой. Энэ үйл явдал Монгол Улсад томоохон сургамж боллоо гэж бодож байна. Ер нь манай хууль тогтоомж цоорхой байгаагийн нэг шинж. Ер нь бол монголчууд гадаадынхныг газар шороог маань худалдчихлаа гэхээс илүү өөрсдийнхөө үйл ажиллагаанд дүгнэлт хийх хэрэгтэй. Монголчууд өөрсдөө л тэр лицензийг гадаадынханд худалдсан биз дээ.
-Хятадууд Овооттолгойгоор дамжиж Оюутолгойн шйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн нэг бодлого юм биш үү. Та юу гэж бодож байна?
-Мэдэхгүй. Их гүрэн ямар төлөвлөгөө боловсруулж байгааг би мэдэхгүй шүү дээ. Гэхдээ мэдээж ийм бодолтой байхыг үгүйсгэхгүй. Аль ч улсын бизнесийн том байгууллага гартаа томоохон баялгийг оруулахыг бодно биз дээ. Гэхдээ Монголын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан “Айвенхоу Майнз” хувьцааныхаа ихэнхийг “Рио-Тинто”-д зарчихсан биз дээ. Энэ чинь бас л наймаа шүү дээ. Тэгээд хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргасан компаниудын хувьцааг худалдаж авч байдаг нь хэвийн үзэгдэл. Харин их үү, бага уу гэдэг хэмжээнээсээ л хамаардаг болохоос.
-Хэрвээ хятадууд манай улсын нүүрсний ордуудад иймэрхүү байдлаар нөлөөллөө ихэсгэж байгаа тохиолдолд Монгол нүүрснийхээ худалдаанаас ихээхэн хэмжээний ашиг олно гэсэн зорилго нь будаа болж магадгүй юм биш үү?
-Үндэсний аюулгүй байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөхийг үгүйсгэхгүй байгаа нэг шалтгаан нь энэ. Монгол Улс эдийн засгаа хөгжүүлэхийн тулд уул уурхайд хамаг найдвараа тавьж байгаа. Тэр тусмаа зэс, нүүрсний худалдаанаас олсон ашгаараа томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болсон шүү дээ. Хятад бол Монголын нүүрсний томоохон зах зээл. Өөрөөр хэлбэл, хамгийн гол худалдан авагч. Гэтэл хамгийн гол худалдан авагч маань нүүрсний ордуудыг эзэмшилдээ аваад байгаад л асуудал үүсч болзошгүй юм. Энэ тохиолдолд Монголын нүүрс үнэгүйдэхгүй гэх аргагүй. Үүнийг хуулиар л зохицуулах хэрэгтэй.
-Хуулиар хэрхэн зохицуулах гэж?
-Стратегийн ордууд болон стратегийн салбарууд дээр гадаадын томоохон хөрөнгө оруулагчидтай хамтрах тусгай хууль батлах ёстой байх. Бүр байг гэхэд Ашигт малтмалын шинэчлэн боловруулсан хуулийн төсөлдөө үүнийг багтаасан байгаасай л гэж найдаж байна.
-Канадууд Овооттолгойг хятадуудад худалдахдаа Монголын Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой байсан уу?
-Хуульд тийм заалт байхгүй шүү дээ. Тэгээд л тэд Монголын Засгийн газраас зөвшөөрөл аваагүй байхгүй юу. Хуулиндаа заагаад өгчихсөн бол зөвшөөрөл авах байсан байх л даа. Тэд манай хуулийн цоорхойг биднээс илүү судалчихсан байгаа. Тийм болохоор л хуулиа өөрчлөх, ийм асуудал гарвал яах вэ гэдэг заалтыг нарийн суулгасан байх шаардлагатай байгаа юм.
-Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулахад танай ассоциаци оролцоогүй юм уу?
-Оролцоогүй ээ. Биднийг саналаа өг гэсэн. Саналаа өгсөн. Хуулийн төслийг нь олж хараагүй л явна. Ер нь бол бидний зүгээс уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчинг сайжруулах, дарамтгүй байлгах талаар л саналаа өгсөн. Нөгөө хууль санаачлагчид хэр хүлээж авсныг мэдэхгүй. Ер нь бол хуульд гурван талын ашиг сонирхол багтдаг. Нэгдүгээрт төр, хоёрдугаарт бизнесийнхэн, гуравдугаарт, иргэний нийгмийнхэн гээд. Бидний зүгээс хуульд тусгахыг хүсдэг саналууд бол төрийн хүнд сурталыг багасгах, татварын хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх.
-Та төрийн хүнд суртал хэр багассан гэж бодож байна. Монгол Улсад татварын таатай орчин бүрдэж чадсан уу?
-Төрийн хүнд суртал арилахгүй байх аа. Мэдээж хэтэрхий их байсан хүнд суртал бага зэрэг арилсан тал бий. Харин татварын таатай орчин бүрдсэн гэж хэлж болно. Гэхдээ 68 хувийн татвар шиг гэнэтийн “аюул”-ыг хэн нэгэн санаачлахгүй бол шүү дээ. Манай улстөрчид чинь их сонин. Төсөв батлах үеэр л нэг шинэ татвар санаачилчихдаг. Төрийн нэрээр татвараар ахиухан юм авахыг бодно шүү дээ. Ер нь уул уурхайн салбарт хэд хэдэн муу хууль байгаа. Хамгийн муу хууль бол Гэнэтийн ашгийн гэх 68 хувийн татвар. Түүнээс болоод одоо олон хүн шоронд орчих гээд л явж байна. 68 хувийнхаа татварыг өгч дийлэхгүй, улсад тушаах өрнийх нь хэмжээ нэмэгдээд л байдаг.
-Урт нэртэй хууль ч бас мууд багтаж байгаа юу?
-Энэ хуулийн зорилго нь уг нь зөв байгаа юм. Харин арга нь маш буруу. Би бол зорилгыг нь дэмждэг. Байгаль экологио хамгаалах ёстой юу гэвэл тийм. Харин арга нь арай л хэтэрхий буруу байна. Төр нөхөн сэргээлтэд хяналтаа тавиад, хэрэгжүүлэлт дээр нь маш сайн анхаарсан бол асуудал гарахгүй байсан. Гэтэл хүний бий болгосон бизнесийг хааж бооно гэдэг утгагүй биз дээ. Тэр хүн бизнес хийхийн тулд зарцуулсан хөрөнгийг төр гаргаж өгч чадах юм уу. Чадахгүй л байгаа шүү дээ. Олон жилийн ажлыг нь нэг өдөр, нэг муу хуулиар л “будаа” болгоод хаячихаж байгаа юм. Хуулийн дагуу Засгийн газар 1800 компанийн лицензийг цуцлахаар шийдвэрлэсэн. Эхний ээлжинд 250 компанийн лицензийг цуцлах ажил явагдаж байгаа. Гэтэл тухайн компанид доод тал нь 30 хүн ажилладаг гэхээр хэчнээн хүн ажилгүй болж байгааг хэлүүлэлтгүй биз. Үндэсний статистикийн хороо бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн жилээс 10 мянгаар өссөн гээд мэдээлж байна лээ. Ихэнх нь нөгөө үүдээ хаалгасан уул уурхайн компанид ажиллаж байсан хүмүүс байх. Би тэгж л бодсон. Тэд ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд заавал бүртгүүлэх шаардлагатай байдаг байхгүй юу. Өөрсдөө ажилгүй болгочихоод дараа нь ажилгүйчүүд нэмэгдлээ гээд л ичихгүй залах юм даа, манай төр засгийн удирдлагууд. Ажиллаж байсан компанийг нь хүчээр үүдийг нь барьчихаар ажиллаж байсан хүмүүс нь ажилгүй болохоос яах юм бэ.
-Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй байгааг зарим иргэд ярьдаг. Одоо Өмнөговийн нутгийг хар л даа. Аймаар тоос шороо. Зэвхий цагаан нутаг л болчихоод байгаа юм биш үү, манай говь чинь?
-Төрийн бодлогын буруугаас л болж байгаа шүү дээ. Төмөр зам барья гэхээр бариулахгүй. Заавал автомашинаар нүүрсээ зөө гээд байхаар яах юм бэ. Өмнөговьд хүнд даацын 3000 гаруй машин явж байгаа гэсэн. Хүнд даацын машинууд чинь байгаль орчныг аймаар сүйтгэдэг. Хөрсийг нь тэр чигээр нь эргүүлээд хаячихдаг юм. Хэрвээ төмөр замыг нь бариулсан бол ийм зүйл болохгүй л байсан. Байгаль экологид уул уурхайхан гэхээсээ илүү төр өөрөө хохирол учруулж байгаа.
-Яагаад төр буруутай гэж. Уул уурхайнхан ч бас буруутай шүү дээ. Алтыг нь аваад авдрыг нь хэмхлээд хаяж байгаатай л адилхан үйлдэл гаргадаг шүү дээ, уул уурхайнхан. Ядаж нөхөн сэргээлтээ хэл амгүйхэн хийчихэж чадахгүй?
-Төр нөхөн сэргээлтийг нь хийлгэх хэрэгтэй. Хяналт тавих ёстой. Өөрсдөө хяналтаа тавихгүй, хяналт тавих ёстой хүмүүс нь уул уурхайнхантай хуйвалдчихна. Байгаль сүйрлээ л гэнэ. Мэдээж, уул уурхайнхны буруу бий. Гэхдээ үүнийг төрийн бодлогоор зохицуулах учиртай юм шүү дээ. Арга нь буруу, хуулийг хэрэгжүүлж байна гээд баахан хүнийг ажилгүй болгоод баахан хүнийг хэрэгт унагаагаад л. Хэрэгжүүлэх боломжгүй хуулийг хүчээр хэрэгжүүлж болохгүй. Нөхөн төлбөрөө ч өгөхгүй мөртлөө үйл ажиллагаа явууллаа гээд компаниудын эздийг эрүүгийн хэрэгт татчихна. Төр бодлого муутай байна. Хөгжлийн эсрэг бодлого хэрэгжүүлж байна. Хөгжил, хөгжил гээд л байдаг, хөгжлийн эсрэг бодлого хэрэгжүүлээд байхаар улс орон яаж хөгжих юм бэ. Үүний балгаар байгаль экологи сүйтгэгдэж дууслаа. Дэд бүтцээ хөгжүүлсэн бол байгаль сүйтгэгдэхгүй байх боломжтой байсан. Төр өөрөө өөртөө харин хариуцлага тооцож сурах ёстой.