Цахим үнэмлэх сонгуулийг будилуулах уу?

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэх сонгуулийг будилуулах уу?

Иргэний ухаалаг үнэмлэх хуга­цаандаа хэвлэгдэж гарахгүй нь ээ, үүнээс болж ирэх зургадугаар сард болох сонгуульд цахим үнэмлэхээр санал авах боломжгүй боллоо гэсэн мэдээллийг сүүлийн үед Засгийн газраас ойр ойрхон хийх болов. Ингэхдээ энэ бурууг нийлүүлэгч компанийн үйл ажиллагаанаас бол­сон мэтээр тайлбарлаж байгаа билээ. Яг л нөгөө “Орон нутгийн удирд­лагууд сонгууль зохион байгуу­лах боломжгүй гэсэн учраас орон нутгийн сонгуулийг УИХ-ын сон­гуультай зэрэг явуулж чадахгүй ээ” гэдэг шиг.

Нэгэнт УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газар нь ийм мэдэгдэл хийгээд эхлэнгүүт иргэдийн дунд “Тэгээд ирэх зургадугаар сард сонгууль болох юм уу, эсвэл хойшлуулах гэж байна уу”, эсвэл “Өө за за, СЕХ дахиад л нөгөө өнгөрсөн удаагийнх шиг булхай луйвраа хийж, үр дүнд нь 2008 оны долдугаар сарын 1 дахиад давтагдах юм байна л даа” гэсэн эргэлзээ, гутрал давамгайлах болов. Гэхдээ сонгууль болдгоороо болж л таарна, СЕХ, Засгийн газар ажлаа хийх л болно. Харин “Чадахгүй, мэдэхгүй, болохгүй8 бүтэхгүй” гэх шалтаг, шалтгаанууд хаанаас гараад байгааг харахын тулд цаг хугацааны хувьд жаахан ухралт хийгээд үзье.

Иргэний ухаалаг үнэмлэхтэй болох асуудал бүр 2011 оны эхнээс яригдаж эхэлсэн юм. Иргэний шинэ­­чилсэн бүртгэлийн ажил эхэлс­ний дараа. 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс орон даяар иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил эхэлж, иргэдийн хурууны хээг авч эхэлсэн.

Шинэчилсэн бүртгэлийн ажил яг нэг жил үргэлжилж, 2011 оны нэгддүгээр сард дуусах ёстой байсан бөгөөд энэ үеэс иргэдийг цахим үнэмлэхжүүлэх ажил эхлэх ёстой байлаа.  Тиймээс 2011 оны улсын төсөвт цахим үнэмлэх хэвлүүлэх 10 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн байдаг. Цахим үнэмлэхийн загварыг гаргах ажлыг Засгийн газар өөртөө авч, харин хэвлүүлэх ажлыг Улсын бүргэлийн ерөнхий газарт үүрэг болгосон билээ. Учир нь УИХ-аар  баталсан “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-д  “төрийн бүртгэлийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, төрийн бүртгэлд бүртгүүлснийг батлах баримт бичгийг компьютерт уншигдахаар болгон, бусад баримт бичигтэй хоршин хэрэглэдэг болгох”, “иргэний баримт бичгийг цахимжуулах”  зорилтыг дэвшүүлсэн байв. 

Тиймээс 2011 оны гуравдугаар сарын 9-ний өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас одоогийн бидний ашиглаж байгаа иргэний үнэмлэхийг цахим үнэмлэхээр солих ажлын бэлтгэлийг хангах үүргийг УБЕГ-т өгсөн билээ. Мөн үнэмлэх хэвлэх бэлдэцийг нийлүүлэх гадаадын компанийг судалж сонгох ажил ч эхэлсэн аж. Гэхдээ үүнийг нээлттэй тендерээр шалгаруулах замаар хийх боломжгүй байв. Учир нь иргэний цахим үнэмлэх нь иргэдийн хувийн мэдээллийг агуулсан, үндэсний аюулгүй байдал, төрийн нууцад хамаарах ажил учраас энэ төрлийн нийлүүлэлтээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Франц, ХБНГУ, АНУ-ын компаниудад санал тавьжээ. Гэвч Америк, Германы компаниудын хувьд ОХУ дахь өөрийн салбараас нийлүүлэлтийг хийх санал тавьсан тул УБЕГ-аас санал болгосны дагуу Францийн “Жемалто” компанийг сонгосон байна. Харин Францийн компани Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөрөө дамжуулж гэрээ байгуулах шаардлага тавьсан тул тус компанийн Монгол дахь төлөөлөгчөөр 19 жил ажиллаж байгаа “Бодь интер­нэшнл” компани сонгогдсон байна.

Хачирхалтай нь үнэмлэхний бэлдэц нийлүүлэхэд зарцуулах ёстой мөнгийг Засгийн газар 2011 оны арванхоёрдугаар сарын 23 буюу төсөвт зардлууд төрийн санд буцаж хураагдахаас хоёрхон хоногийн өмнө/төсөвт байгууллагуудын тухайн ондоо зарлагадаагүй мөнгийг арванхоёрдугаар сарын 25-ны дотор Төрийн санд буцааж татдаг/ Засгийн газар бэлдэц нийлүүлэх мөнгийг “Бодь интернэшнл” компанид шилжүүлжээ. Энэ хооронд Засгийн газар болоод УБЕГ-ын дарга нар “Иргэний ухаалаг үнэмлэх хэвлэгдэж байгаа, эхний бэлдэцүүдийг захиалсан” гэх мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол хийж байсан тул компанийн удирдлагууд “өөр компанийг сонгосон юм байна” гэсэн ойлголттой явж байснаа ч хожим тайлбарласан байна лээ. Ингээд тус компани хэдий хугацаа хоцорсон ч гэсэн мөн өдөртөө багтаж “Жемалто” компанитай үнэмлэх хэвлэх бэлдэц нийлүүлэх гэрээгээ байгуулаад ажиллаж байгаа. Тэдний хувьд иргэний ухаалаг үнэмлэх хэвлэх поликарбонат материалаар хийгдсэн бэлдэцийг л нийлүүлэх үүрэгтэй. Харин хэвлэсэн үнэмлэхэд суулгах чип буюу иргэдийн хувийн мэдээллийг агуулсан “тархи”-ийг өөр компани нийлүүлэх ёстой байв. Үүний дараа үнэмлэх хэвлэх ажил нь УБЕГ-ын үүрэгт ажил болж байгаа.

Гэвч Засгийн газраас баталсан цахим үнэмлэхийн эх нь олон улсын стандартад нийцээгүй тул эхийг дахин бэлтгэх шаардлага гарсныг уншигчид санаж байгаа байх. Орон нутгийн сонгуулийг УИХ-тай хамтатгаж явуулах хуулийн хэрэгжилийг ярьж эхлэх үеэд буюу өнгөрөгч гуравдугаар сард болсон ээлжит бус чуулганы үеэр л дөнгөж энэ асуудал сөхөгдөж /загвар бэлэн болсон гэдгийг бол үүнээс нэг сарын өмнө зарласан/, үүнээс болж Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Баясгалан тэргүүтэй УБЕГ-ын дарга нар үнэмлэхийн шинэ эхийг захиалахаар Францийн компани руу яваад байгаа тухай мэдээлсэн билээ.

Тэгэхээр үндсэндээ иргэний ухаалаг үнэмлэхийг хэвлүүлэх ажил өнгөрөгч гуравдугаар сараас эхэлсэн болж байна. Бэлдэц ч яах вэ, хугацаандаа шахагдаад ирлээ гэхэд өнөөдөр манайхны цахим үнэмлэхний гол “тархи” буюу чипэнд иргэдийн хувийн мэдээллийг суулгах, программчлах ажил одоо хүртэл дуусаагүй байгаа аж. Энэ ажлыг шууд гэрээний дагуу нийлүүлэх ёстой өөр бас нэг компани бий. Тэгэхээр царим үнэмлэх хэвлүүлэх ажил зөвхөн бэлдэц нийлүүлж буй компаниас шалтгаалахгүй, цаана нь дахиад нэг шат дамжлаг хүлээж байна гэсэн үг. Байдал ийм байхад яагаад Засгийн газар “Бэлдэц нийлүүлж буй компани хугацаандаа нийлүүлж амжихааргүй болсон” гэсэн мэдэгдлийг удаа дараа хийгээд байгаа юм бол.

Үнэн хэрэгтээ энэ нь хувийн компанийн үйл ажиллагаа гэхээсээ илүү манай төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй үйл ажиллагаанаас болсон гээд хэлчихэд хилсдэхгүй. Тэгээд ч иргэний ухаалаг үнэмлэхийг ирэх сонгуульд ашиглах уу, үгүй юу гэдэг нь хувийн компанитай биш, Засгийн газарт өөрт нь хамаатай асуудал. Гэтэл оны эхэнд баталсан үнэмлэх хэвлүүлэх төсвийн мөнгийг оны төгсгөл рүү шахаж, Төрийн санд хураагдахаас нь дөнгөж урьтаж нийлүүлэгч талд шилжүүлнэ гэдэг санаатай, санамсаргүй алин боловч ажил цалгардуулах гол шалтгаан болж байгаа юм. СЕХ-ны нөхөд болохоор бид УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг гээд хөдөлдөггүй, УБЕГ нь Засгийн газарт харьяалагддаг гээд хөдлөхгүй, Засгийн газар нь болохоор үнэмлэхнийхээ эхийг стандартын дагуу хийгээд галгуулчихгүй хугацаа алдсан гээд олон завхарлын дунд захиалга гүйцэтгэх ёстой хувийн компаниуд хөлд нь чирэгдэж, “Хугацаанд нь нийлүүлсэнгүй” гэдэг шахалтад уначихаад байгаа хэрэг.
Яагаад ингэж хугацаа алдсан бэ гэдгийг төрийн байгууллагынхнаас өөрсдөөс нь асуухаар асуудал хариуцаж байсан УБЕГ-ын дарга МАН-аас сонгуульд нэр дэвшихээр оны өмнө ажлаа өгчихсөн, оронд нь очсон нөхөр энэ тухай ямар ч ойлголтгүй гэж байгаа. Засгийн газар нь болохоор “Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарснаас болоод уг энэ асуудлыг хэлэлцэж амжилгүй хугацаа алдсан” гэж тайлбарлаж байна. Тэгэхээр иргэний ухаалаг үнэмлэх эзэндээ очихгүй байгаагийн гол буруутан хэн бэ гэдэг ойлгомжтой биш үү.

Тэр ч байтугай цахим үнэмлэхийг хугацаанд нь нийлүүлж амжихгүй нь гэдэг энэ үндэслэлүүдээ сонгууль хойшлуулах ч юм уу, сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхгүй байх шалтаг болно гэж байгаа бүр ч том төөрөгдөл. УИХ-ын сонгуулийн зургадугаар сарын суулийн долло хоногийн лхагва гариг буюу ажлын өдөр явуулна, орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулна гээд хуульд заачихсан байгаа. Тэгэхээр сонгууль явдгаараа явна. Цахим үнэмлэхтэй ч, үнэмлэхгүй ч нэг явж л таарна. Тэглээ гээд сонгуулийг будилуулах, булхай луйвар зохион байгуулах шалтаг, шалтгаан болох ёсгүй. Учир нь бид өнгөрөгч оны эцсээр бүх иргэдээ шинэчилсэн бүртгэлд хамруулаад, тоо толгойг нь бүртгэчихсэн, гар хурууных нь хээг авчихсан. Засаг дарга гэдэг улс төрийн албан тушаалтнуудыг гаргаж, эрх барьж байгаа намд өгдөг байсан сонгогчдын нэрсийн жагсаалтыг улс төрийн нөлөөллөөс холдуулаад УБЕГ-т авааччихсан шүү дээ. Монгол Улсын хүн ам яг одоо хэд байна, хэд нь сонгуулийн насны бөгөөд үндсэн хаяг дээрээ оршин сууж байна, яг тэр тоогоор сонгогчдын нэрсийн жагсаалт болж, сонгуулийн саналт хураалт явагдана.

Тэгэхээр ямар ч байсан өнгөрсөн удаагийн сонгууль шиг давхардсан санал өгөх, үхсэн хүн босч ирээд санал өгөх, амьд мэнд яваа нь сонгогчдын жагсаалтаас хасагдах гэсэн булхай луйврууд гарах ёсгүй. Ингэж зохион байгуулах нь сонгуулийн болоод иргэний бүртгэлийн байгууллагуудын хийх ёстой ажил. Тийм учраас цахим үнэмлэх хугацаандаа хэвлэгдэж гарлаа ч, хуучин үнэмлэхээрээ санал өглөө ч, аль нь ч байлаа гэсэн монголчууд ирэх сонгуулийн дараа “Сонгууль будилаантай боллоо” гэдэг үгийг дахин сонсох хүсэлгүй байна. Будилаангүй зохион байгуулах нь төрийн байгууллагуудын л үүрэг хариуцлага шүү дээ. Энэ удаагийнх шиг өөрсдийн хийгээгүй бурууг өрөөл рүү заачихаад сууна гэвэл лав хэн ч итгэхгүй.

Б.СЭМҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж