МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдах үед УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар хамт байсан аж. Дөнгөж сая байрнаас гарч ирсэн гишүүд хэвлэлийнхэнд ярилцлага өгч байна. Манай сэтгүүлчийн мэдээлснээр МАХН-ын даргыг баривчлах үед хамт байсан эдгээр гишүүдийн биед цагдаагийнхан халдсан гэлээ. Ч.Улаан гишүүний нүдний шил хагарсан, Д.Тэрбишдагва гишүүний нүүр хавдсан гэдгийг гишүүд өөрсдөө хэллээ. Тэд УИХ-ын гишүүний халдашгүй эрхэд халдлаа хэмээн холбогдох байгууллагуудад хандахаа мэдэгдээд, МАХН-ын даргыг баривчилж байгаа энэ асуудлаар төрийн өндөрлөгүүдэд асуулга тавина хэмээж байна.
Ямартай ч яг одоогийн байдлаар баривчлах ажиллагаанд оролцохоор ирсэн гурван автобустай цагдаа нарыг дөнгөж сая эргэж татаад байна. Цагдаа нарын дийлэнх нь ажиллагаа болсон газрыг орхисон ч МАХН-ын даргын баривчлагдсан байрны гадна цагдаагийн хамгаалалт үлдсэн байгаа. Уг байрны нэг давхарт нь албан байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг бол бусад давхарт нь айлууд байдаг гэсэн мэдээлэл байгаа юм.