Өмгөөлөгчдийн холбоо мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгчдийн холбоо мэдээлэл хийлээ

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нарт өмгөөлөл үзүүлж байсан дөрвөн өмгөөлөгч өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд болсон шүүх хурлын үеэр өмгөөлөл үзүүлэхээс татгалзаж, шүүх хурлыг орхин гарсан үйлдлийг хууль зөрчсөн, шүүхийг илтэд үл хүндэтгэсэн гэж үзээд ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл, мөн Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр нарыг баривчлаад байгаа билээ.

Өмгөөлөгчдийн холбооноос хоригдож байгаа өмгөөлөгчдийг хорьсон нь хууль бус үйлдэл гэдгийг мэдэгдлээ. Уг хуралд Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвням, Өмгөөлөгч Т.Амарсанаа, н.Даваа нар оролцлоо.

Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвням “Өмгөөлөгчдийг барьж хорьсон нь цагдаагийн экс удирдлагуудын шүүгчээр ажилласан Сүхбаатар дүүргийн шүүгч Хосбаяртай шууд холбоотой. Шүүгч Ч.Хосбаяр бүхэл бүтэн шүүх бүрэлдэхүүнийг төлөөлөн, он сар нь үл мэдэгдэх хуудсыг дээд албан тушаалтандаа илгээн өмгөөлөгчдийг баривчлах дүгнэлт үйлдсэн.

Өмгөөлөгчдийг 14 хоног баривчлах тухай Сүхбаатар дүүргийн шүүхийн шйитгэвэр гарахдаа энгийн хэдхэн үндэсэлтэй гарсан. Товчхондоо шүүх хуралдааныг орхин гарсан нь өмгөөлөгч ёс зүйн алдаа гаргасан байна,  гэх мэтийн үндэслэл гаргаж баривчилсан гэснээс сүртэй зүйл байхгүй. Харин О.Алтангэрэл, Т.Мөнх-Дэлгэр нар эрхийнхээ дагуу өмгөөлөгч аван өмгөөлүүлж байгаа” гэв.

О.Алтангэрэлийн өмгөөлөгч н.Даваа “Би өмгөөлөгчийн зүгээс О.Алтангэрэлд оноосон шийтгэвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс Нийслэлийн давж заалдах хүсэлтээ гаргасан. Нийслэлийн шүүх одоогоор миний хүсэлтийг хараахан хэлэлцээгүй байна” гэсэн юм.

Мөн Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн өмгөөлөгч Т.Амарсанаа ”Өнөөдөр би Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан байгаа. Зөв шийдвэр гарна гэдэгт найдаж байна. Т.Мөнхдэлгэр өнгөрсөн сарын 20-ноос хавтаст хэрэгтэй танилцаж эхэлсэн. Харин шүүх хурал 28-нд нь болсон. Ажлын тав хоногт яав ч 29 хавтаст хэрэгтэй танилцах боломжгүй байсан. Миний өмгөөлж байгаа өмгөөлөгч бол зохих журмын дагуу л ажилласан” хэмээн тус тус мэдэгдлээ.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж