”Манай намд сагсуу, болчимгүй лидерүүд байх ёсгүй”

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

”Манай намд сагсуу, болчимгүй лидерүүд байх ёсгүй”

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга О.Чулуунбаттай ярилцлаа.

-Та нарын баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөнийг Цэц дүгнэчихлээ. Та дэмжиж байгаа юу?

-Зөв шийдвэр гарсан. Сонгуулийн хуулийн төслийг батлах хүртэл нь би ийм л байр суурьтай байлаа. Үндсэн хуулийн дагуу хүн сонгох, сонгогдох эрхтэй. Гэхдээ Монгол Улсын нэг сонгуульд нэг л удаа нэр дэвших ёстой. Тойрогтоо ялагдчихаад намын нэрийн жагсаалтаар УИХ-д сууж болохгүй. Энэ бол шударга биш байсан.

-Шилжих заалтыг хүчингүй болгосноор лидерүүд гэж нэрлээд байгаа парламентад олон удаа сонгогдсон нөхдүүд намын нэрээр УИХ-д ороод ирэх боломж нээгдэж байгаа юм биш үү?

-Намын лидерүүд, намын өнгө төрхийг тодорхойлдог гишүүд тойрогт өрсөлдөх ёстой. Өөрийнхөө чансааг тэнд мэдрэх хэрэгтэй юм. Ямар нэгэн дайн байлдаанд дарга нь тэргүүн эгнээнд тугаа бариад ордог биз дээ. Түүнээс биш "Дайраад" гэж цэргүүддээ хэлчихээд өөрөө ард нь нуувчинд үлддэг дарга байж таарахгүй. Намын жагсаалтад бичих 28 хүнээр шударга, хүнлэг, боловсролтой, нэр цэвэр, сайн түүхтэй залуучуудаа оруулж ирэх ёстой Дэлхийн улс орнуудын улс төрийн намуудын нэр дэвшигчдээ сонгодог бол шалтуур энэ, Түүнээс биш өнөөдрийнх шиг онгироо сагсуу, мөнгө төгрөгийн шуналтай хүмүүсийг оруулж ирж болохгүй

-Ц.Нямдорж сайдаас эхлээд намын жагсаалтаар УИХ-д дахиад гараад ирнэ гэсэн бат итгэлтэй хүн олон байгаа бололтой?

-Үүнийг намын Бага хурлаар шийднэ. Хурлаар ямар зарчим тогтооно түүгээрээ л асуудал шийдэгдэнэ. Ямар ч байсан одоогийн УИХ-д суугаа манай намын 46 гишүүн цөм тойрогг өрсөлдөх ёстой.

-Таныг тойроггүй болчихсон гээд байх юм, үнэн юм уу?

-Бага хурлаар асуудал яригдаагүй байна. Бага хурлаас шийдвэр гарна. УИХ-д байгаа МАН-ын 46 гишүүн бол намдаа суудал авч ирсэн гавьяатай хүмүүс. Тэд сонгуульд дахин нэр дэвших эрхтэй. Гэхдээ миний хувьд УИХ-ын гишүүн болох гээд улайраад байсан юм алга. Төрийн албан тушаалаар бизнес хийж, төсвийн мөнгөнөөс орлого олдог хүмүүст УИХ-ын гишүүн болох нь чухал байх шиг байна. УИХ-ын гишүүн болсноос хойш миний амьдралд лав өөрчлөлт ороогүй. Гишүүн биш байхдаа ямар байсан, тэр хэвээрээ л байна.

-Танай нам дотор сүүлийн үед юу болоод байгаа юм бэ?

-Болдог зүйл болдгоороо л болж байна.

-Таныг намдаа хамгийн их шүүмжлэлтэй хандаж байгаа гишүүдийн нэг гэж сонссон…

-Нам тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа гишүүн олон бий. Зөв шүү дээ. Хамтарсан Засгийн газрыг байгуулахад бид их итгэл найдвар үзүүлсэн. Хамтраад ажиллаж байхад нь бүх асуудлыг нь хоёр гараа өргөөд дэмжээд байсан Заримдаа дэмжих ёсгүй асуудлуудыг хүртэл ард түмэнд хэрэгтэй л юм байлгүй гэж бодоод дэмждэг байсан. Гэтэл одоо яав. Төрийн ажил урагшаа ахиагүй байна. Хувийн хэдхэн компанийн ажил сайн явсан байгаа биз дээ. Төрөөс тусгай дэмжлэг авахгүйгээр сайн ажиллаж байгаа компаниуд бий. Тэднийг дэмжиж байна.

Харамсалтай нь зөвхөн том дарга нартай холбоотой, тэдний дэмжлэгээр явж байгаа хэдэн компанийн ажил урагшаа яваад байдаг. Монгол Улс том зах зээлээс их мөнгө босгох цаг болсон. Дэлхийн зах ззэл бидэнд итгэж байгаа. Тиймээс том төслүүдээ эхлүүлье. Бүтээн байгуулалтаа явуулъя гэдгийг 2008 оноос хойш би ярьсан. Даанч Засгийн газар том мөнгө рүү явсангүй. Мэдэхгүй байна уу, чадахгүй байна уу. Эсвэл хүсэхгүй байгаа юм уу, бүү мэд. Гэтэл балансаа ч нээгээгүй "Хөгжлийн банк" зах зээлээс 550 сая ам.доллар авчихаж байна. "Энержи ресурс” гэх хувийн компани өөрийгөө дэлхийн зах ззэлд гурав, дөрөвхөн сар танилцуулаад 600 сая ам.доллар олчихлоо. Гэтэл засгийн ажил явдаггүй ээ. Таван толгой нь гацчихлаа. Төмөр зам нь байдаггүй. Орон сууцны төсөл ч алга. Ийм байхад шүүмжлэхгүй гээд яах юм. Засгийн газрынхан дотроо тохироогүйгээс Төмөр зам, Таван толгой зогссон гээд л сонин хэвлэлээр хэрэлдээд байна. Х.Баттулгын компани хийнэ уу, Ц.Нямдоржийн компани байна уу хамаа алга. Хамгийн гол нь Монгол Улс төмөр замтай болох ёстой. Тэндээс Монгол Улс ашиг олох ёстой. Олон хүн ажилтай болох хэрэгтэй. Монголын нэр хүнд дэлхийн зах зээлд өсөх ёстой байсан. Ер нь хамтарсан Засгийн газрыг АН орхиход л манай намынхан дагаад гарах ёстой байсан юм. Хамтарсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэрэгтэй байлаа. Ингээд ээлжит бус сонгуулиа зарлачих байсан байхгүй юу. Тэгэхгүй Засгийи ажлыг авч явах нэрээр зүүгдээд байх шаардлагагүй байлаа. Би 2008 оны сонгуульд орж байхдаа намдаа их итгэж байсан. Итгэл үнэмшлээсээ сонгосон манай нам улс оронд хэрэгтэй том төслүүдийг хэрэгжүүлэх чадвартай гэж найдаж байлаа. Гэвч өнөөдөр намаа танихгүй болчихлоо.

-Засгийн газар юу ч хийж чадсангүй. Тэгэхээр танай нам сонгуульд ямар нүүрээрээ орох гэж байгаа юм бол…

-Манай нам олон жилийн түүхтэй, Монголын ард түмний хүндэтгэлийг хүлээж ирсэн ёс суртахуунтай. Тийм учраас манай намд онгироо сагсуу, болчимгүй лидерүүд байх ёсгүй. Тэд манай намын нэр хүндийг унагааж байна. Тэднийг шүүмжлэхгүй бол болохгүй нь. Манай нам ёс суртахууны доройтолд орчихжээ. Сайд, дарга нарт ёс суртахуун гэж алга. Тэд ингэж үлгэрлэж байгаа учраас сургууль төгсч байгаа залуус төрийн байгууллагад орохоор үхэн хатан зүтгээд байна. Барууны орнуудад бол сургууль төгссөн залуус төрийн албанд биш туршлагатай компанид ажиллахаар өрсөлддөг юм. Хүн шар өвчин тусахаар нүднээсээ эхлээд шарладаг гэдэг. Түүнтэй адил Монгол Улс дээрээсээ эхлээд "шарлаад" эхэлчихжээ. Төрийн албанд худлаа ярьдаггүй. даруухан ааш авиртай хүн байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр худлаа ярьдаг, насаараа төрийн аппаратад ажиллачихаад хувьдаа байшин барилга бариулчихсан хүмүүс олон болжээ. Өнгөрсөн хугацаанд төрийн төлөө ажиллаад байна гэж ойлгосон чинь хувьдаа эд хөрөнгө завшаад явж шүү дээ.

-Хэнийг хэлээд байна вэ?

-Өөр намынхантай хэрүүл хийгээд яваа сайд нарыг харж байгаа биз дээ.

-Нам нь ийм болсон учраас нэлээд гишүүн МАН-аас гарах гээд байх шиг байгаа юм…

-Болно шүү дээ. Бид ухаанаа уралдуулж байна. Ёс суртахуунаараа хэн нь ард түмэнд илүү таалагдах нь уу, улс оронд хэрэгтэй үйл ажиллагаа явуулах нь уу гэдгээрээ бид уралдах ёстой. Түүнээс биш боксын дэвжээн дээр зодолдож байгаа биш.

-Та ч гэсэн гарах гэж байгаа юм уу?

-Бүх гишүүнд гарах хаалга нээлттэй.

-Өнгөрсөн бүлгийн хурал дээр гишүүд намын даргаа нэлээд шүүмжилсэн гэсэн байх аа?

-Тийм. Шүүмжилж болно. Улс орны асуудлыг шийдэхийн төлөө шуурхай, санаачилгатай ажиллах хүн нь Ерөнхий сайд, намын дарга мөн биз дээ.

-Танай нам шүүмжлэл хэлсэн гишүүдээ адлаад захиа бичээд эхэлсэн байна лээ. Түүнээс нь айхгүй байна уу?

-1990 оноос өмнөх намын тогтолцооны үед бид амьдраагүй биз дээ. Тэр үед л нам гишүүдтэйгээ бичиг, захидлаар харьцдаг байсан. Одоо өөр үе ирсэн. Харамсалтай иь нам гишүүдтэйгээ захидлаар харьцдаг болсон бол өөрийгеө доройтуулж байгаагийн шинж.

-Намын дарга нар гишүүдээ нэг нэгээр нь дуудаж уулзаад байгаа гэсэн. Тантай уулзсан уу?

-Үгүй.

-Таныг фракц байгуулах гишүүдтэй нэгдэх гэж байхад дарга нар чинь байнгын хорооны даргын суудлаар хуурч, өөрсдөдөө урвуулчихсан гэх юм билээ…

-Үгүй ээ. Тийм зүйл байхгүй. Би намаа байнга л шүүмжилдэг. Цаашид ч шүүмжлэх болно.

Я.Мөнгөнцэцэг

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж