Д.Эрдэнэбат баруун аймгуудын сумдаар уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат баруун аймгуудын сумдаар уулзалт хийв

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Баян-Өлгий аймгийн Толбо, Бугат сум болон Увс аймгийн Ховд, Өмнөговь, Өлгий сумдын иргэд малчидтай уулзав. Баруун аймгуудад Эдийн засгийн хувьсгал хэлэлцүүлгийг хийхэд оролцож яваа тэрбээр замаараа сумдын иргэдийн амьдрал ахуйтай танилцан, төрийн бодлого шийдвэр, АН-ын бодлого, зорилго, үйл ажиллагааны талаар нээлттэй мэдээлэл өгсөн юм.

Алс баруун хязгаарт амьдрал хүнд байхад татварын хөнгөлөлт байхгүй, нийгмийн халамжийг зохист бүлэгт нь олгохгүй байгаа талаар иргэд шүүмжилж байлаа.  Төр засгийн зүгээс цалин нэмэхэд өргөн хэрэглээний барааны үнэ дагаж өсдөг, энэ бол буруу бодлого. Тиймээс АН мөрийн хөтөлбөртөө цалин нэмэхийг бус, алслагдмал бүс нутагт татвар бууруулж, аж ахуйн нэгжүүдийг хязгаар нутагт татах бодлого явуулах ёстой гэж байв. Түүнчлэн сонгуулийн булхиа луйвар гарах вий гэдгээс ихээхэн болгоомжилж байгаа нь уулзалт бүрээс тодорхой байсан юм. Бүгд л цахим үнэмлэхийг хэзээ хэвлэх вэ, хэвлэхгүй бол сонгуулиар юу ч болж болзошгүй гэж болгоомжилж байлаа. Мөн намын гишүүнлэл, үзэл бодлоор ялгаварладагт дургүйцэж, хэзээ Монгол Улс намын гишүүнчлэлгүй болох вэ гэж ч асууж байв.

Харин малчдын тухайд хамгийн тулгамдсан асуудал нь энэ жил төл авч авч чадахгүй байгаа явдал аж. Тэдний ярьж байгаагаар өнгөрсөн оны 11 дүгээр сард малд нь вакцин хийжээ. Гэтэл тэр үед вакцин хийлгэсэн мал бүгд хээл хаясан гэнэ. Хээл хаяад байдаггүй үнээ нь хүртэл хээл хаясанд халагласан малчид “Төр засаг малчдадаа тус болдоггүй юм гэхэд гай болмооргүй байна” гэдэг үгийг хэлж байлаа. Өнгөрсөн онд “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд сум бүрт байгуулагдсан мал эмнэлэг үржлийн газар ийнхүү баруун аймгийнхны малыг төлгүй болгосонд иргэд бухимдалтай байна. Зарим нэг дарга цэрэгт энэ байдлаа ярихаар “Та бүхэн өвөлжилтийн бэлтгэлээ муу хийсэн” гэж яриад байгаа аж.Харин үүнийг малчид эрс эсэргүүцэж байна. Өнгөрсөн жил зуншлага сайн байсан, өвөлжилтийн бэлтгэл муу хийсэн айл ч гэсэн вакцин хийлгээгүй бол төл алдахгүй байгаа аж. Зарим нэгнийх нь ярьж байгаагаар бол “Төслийн мөнгө авах гээд туршилтаар нүд рүү нь хийдэг өөр төрлийн вакциныг хийчихсэн. Тэр нь таараагүй. Зүрхний өвчтэй хүнд бөөрний эм уулгадагтай адил юм болсон” гэнэ. Энэ мэтчилэн баруун аймгуудын зарим сумдаар малынхаа 50 хувийнх нь төлийг алдаад байгаа нь хариуцлагагүй асуудал болоод байгаа юм байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат тэдний хөндсөн асуудалд хариулт өгч, ажиллахаа илэрхийллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж