Баян-Өлгий бүтээгч эдийн засагтай болно

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий бүтээгч эдийн засагтай болно

Хүний хөгжилд анхаарсан төрийн бодлоготой хөгжсөн, цэцэглэсэн Өлгий хотдоо амьдрахын тулд юу хийж болох талаар Баян-Өлгий аймгийнхан Эдийн засгийн хувьсгалаар хэлэлцэв. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат уг хэлэлцүүлэгт оролцлоо.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Баян-Өлгий, Увс, Ховд гэсэн гурван аймгийг одоогийнх нь засаг захиргааны хувиараар бус эдийн засгийн бүсчлэлээр нь хувааж, төвөөс хамааарахгүйгээр хөгжүүлэх бодлогыг АН баримтална гэдгийг тайлбарлаж байв. Учир нь АН өнгөрсөн онд “Монгол хүн 2020” хэлэлцүүлгээр иргэдийн тулгамдсан асуудлыг сонсож тайлан гарган, тайланд туссан асуудлыг шийдвэрлэх бодлогоо эдийн засгийн хувьсгалаараа хөндөж, шийдэл хайж байгаа юм байна.

Аймгийн АН-ын дарга Б.Жандос энэ талаар “Дэлхийн өндөр хөгжилтэй оронд хүн амын дундаж наслалт 80 байгаа бол Монголд 80 насладаг хүн ховор байна. Энэ нь хүмүүсийн амьдрал ямар хүнд байгааг харуулж байгаа үзүүлэлт. Хоёрдугаарт Монгол Улсын 90 гаруй хувь нь бичиг үсэг тайлагдсан гэдэг боловч өрсөлдөх чадвартай боловсон хүчний хомсдолд орсон. Гуравдугаарт Монголын дундаж орлоготой иргэн нь сард 395 мянган төгрөгийн орлоготой байна. Өөрөөр хэлбэл амьдралд нь хүрэлцэхүйц дундаж орлоготой иргэн ховор, ихэнх нь ядуу байна гэсэн үг. Харин орлоготой хүн гэж хэнийг хэлэх вэ, 21 мянгад очёрлогч уу, татвар төлөгчдийн мөнгөөр иргэдэд үйлчилж буй төрийн албан хаагч уу. Ийм л хувилбар байна. Манай Баян-Өлгий аймагт нэг багшид 35 хүүхэд ногддог, ДНБ  нь улсын дунджаас гурав дахин бага, хүн амын 7 хувь нь баячууд, 50 хувь нь ядуучууд байна. Тэгсэн хэрнээ баялгийн 65 хувь нь баячуудад хуваарилагдаж байна. Тиймээс нийгмийн ихэнх нь ядуу биш, ихэнх нь дундаж давхаргынхан болгохын төлөө бид ажиллах ёстой. Энд тэнд дэмий хөрөнгө оруулалтаар улсын хөрөнгийг зарах биш, хүндээ хөрөнгө оруулбал хүн өөрөө баялгийг бүтээдэг. Энэ баялгаа хүмүүс өөрсдөө бүтээх хөрс суурийг нь бүрдүүлэхийн тулд бид хүнд хөрөнгө оруулахын төлөө ажиллах ёстой” гэж байв.

Аймгийн АН-ын дарга Ержан Баян-Өлгий аймагт эдийн засгийн хувьсгалыг жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг улам бүр эрчимжүүлэх замаар хийнэ гэдгээ ярьж байв. Учир нь өнөөдөр Өлгийд худалдааны салбар бусад аймгийг бодвол харьцангуй хөгжиж байгаа боловч өөрсдөө үйлдвэрлэх зүйл тун цөөхөн байгаа аж. Энэ хэвээр үргэлжилбэл зах зээл нь дан ганц хэрэглэгчийнх болж, эдийн засгийн бүтцийг засах аргагүй болох аж. Нөгөөтэйгүүр Монгол Улс дан ганц уул уурхайгаас хамаарч нийт эдийн засаг өдрөөс өдөрт эмзэг болж байгаа. Тиймээс бодлогын хувьд өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй байгаа. Үүнд хамгийн боломжтой салбар нь жижиг дунд үйлдвэрлэл гэнэ. Учир нь дэлхий дахинд нийт ажлын байрны 50-60 хувийг жижиг дунд үйлдвэрлэлийн салбар л бий болгодог байна. Ийм учраас үр ашигтай, эдийн засгийн тооцоо судалгаатайгаар жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эрчимтэй анхаарах хэрэгтэй гэнэ. Баян-Өлгийн хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд наад зах нь төрийн албанд шударга ёсыг тогтоохоос эхлүүлэх зайлшгүй шаардлагатай болсон аж. Яагаад гэвэл жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл, төсөл хөтөлбөрийг юм хийж чадах хүнд л өгөхгүй бол үр ашиггүй болох нь элбэг байгаа юм байна. Тухайлбал өнгөрсөн онд гаруй сүүний фермер байгуулах чиглэлээр 80 гаруй зээл олгосон байдаг боловч нүдэнд бөртийх юм цөөхөн аж.

Аймгийн АН-ын дэд дарга Гульжан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд өлгийчүүд өөрсдөө санаачилгатай, хариуцлагатай байх шаардлагатай байгааг хөндсөн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж