Аз жаргалын гэрэл зурагчин | News.MN

Аз жаргалын гэрэл зурагчин

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Аз жаргалын гэрэл зурагчин

Гэрэл зурагчин Жак Генри Лартие “Амьдрал гэдэг бол бүжиглэж наадаж, үсрэн хөөрч, дүүлэн нисч, инээд баясгалангаар дүүрэн байж байгаад биднийг орхиод явчихдаг гайхалтай зүйл юм” гэж түүхэнд бичиж үлдээжээ. Энэ хүний гайхамшигтай уран бүтээлийн 230 гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнг саяхан Испанийн  Барселона хотод гаргажээ.
Гэрэл зурагчин Лартие 1894 онд  Францын  нэгэн чинээлэг гэр бүлийн хүү болон мэндэлжээ. Тэр найман настай байх үед эх эцэг нь гэрэл зургийн аппарат бэлэглэсэн тэр мөчөөс эхлэн 92 нас хүртлээ гэрэл зураг авсаар байв. Тэр зөвхөн аз жаргал, гоо сайхан бүхнийг мэдрүүлсэн бүх зүйлийн зургийг авдаг байв.
Түүнийг ид идэвхтэй ажиллаж байх үед дэлхийн нэгдүгээр дайн, Орос оронд өрнөсөн  хувьсгал, Франц орныг нацистууд түрэмгийлэн эзэлсэн гээд дэлхийг донсолгосон үйл явдлууд болж байсан. Гэтэл тэр нүдээ тас анин өнгөрөөж, амьдралынхаа туршид авсан түүний 100 000 гэрэл зургаас бүрдсэн цомогт эдгээр үйл явдалтай холбогдох ганц ч зураг байхгүй байгаа нь үнэхээрийн гайхшрал төрүүлмээр. Лартие анх зураг авч эхлэхдээ өөрийн анхаарлаа түүнийг тойрон хүрээлж буй ертөнц болох өөрийн гэр бүл, аав, ээж, эмээ өвөө, найз нөхөд, шүтэн бишрэгч хүмүүс, охид бүсгүйчүүд болон  өөрийнхээ  зураг хөргийг авч, “Ертөнц бол амгалан тайван мөнхийн амралт, баяр баясгалантай амьдрахын төлөө хөтлөгдсөн хэзээ ч дуусашгүй тоглоом наадам” гэж бичиж үлдээсэн юм гэж тус үзэсгэлэнг зохион байгуулагч Флориан Родари цохон тэмдэглэжээ.
Родари ярихдаа “Түүний авсан гэрэл зургууд түүхийг үнэн мөнөөр гэрчлэх бодит баримтууд бөгөөд одоо устаж алга болсон тэр үеийн Францын сурвалжит язгууртнуудын амьдрал болон Лартие-гийн амьдарч байсан тэр үеийн амьдралын гоо сайхан, аз жаргалыг харуулсан баримт болон үлдсэн юм” гэж ярьжээ.
Лартие өөрийгөө үргэлж гэрэл зураг сонирхогч төдий гэж үзэж байсан тул тусгай бие  даасан үзэсгэлэн гаргах тухай хэзээ ч бодож байгаагүй бөгөөд 1963 онд АНУ-д очиж, үзэсгэлэн гаргаснаар түүний амьдралд төсөөлөөгүй их эргэлт гарчээ. Энэхүү үзэсгэлэнгийн дараа Франц улс түүнийг гайхамшигтай уран бүтээлч гэдгийг хүлээн зөвшөөрч, удалгүй дэлхий дахинд нэр алдраа цуурайтуулжээ. Лартие түүний зураг бүтээлийг үзээд хожим нь хүмүүс юу гэж ярих, дүгнэх бол гэсэн бодолд авталгүй аз жаргалаар бялхсан зургуудаа авсаар байгаад хорвоог орхин оджээ.

Эх сурвалж: EL PAIS.com

Бэлтгэсэн Д.Пунцаг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2010-05-06 203.91.114.3

mongold en ni irdeggui uim baih daa Yadaj l nom ni hurdan garaasai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж