“Зоос” банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдох хэргийн давж заалдах шатны гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцээд анхан шатнаас оноосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 1.6 тэрбум төгрөгийн хэргийг тусгаарлаж, Захиргааны хэргийн шүүхэд шилжүүллээ. Хуралд шүүгчээр Л.Даваасүрэн, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Ө.Одгэрэл нар оролцов.
Түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, банкны мөнгө үрэгдүүлсэн хэргийг тусгаарлаж хэлэлцээд, зургаан жилийн хорих ял оноосон. Улмаар 2009 онд баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулан, түүнд оноосон зургаан жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, харин харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн билээ. Харин тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд ийнхүү гомдол гаргасан юм.