Хөвсгөл аймгийн Ринчинлхүмбэ сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр өнгөрсөн долоо хоногт галд өртсөн талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах улсын байцаагч Н.Ширчингээс өнөөдөр сонины сэтгүүлч Л.Ганчимэг тодруулжээ. -Энэ сарын 6-ны орой тус сумын сургуулийн эмэгтэй сурагчдын дотуур байр болон хажууд нь орших халуун усны газар шатсан. Дотуур байранд гарсан гал яах ийхийн зуургүй тархаж, 10-аад метрийн зайд орших халуун усны байрыг ч авах юмгүй болтол шатаасан. Тухайн өдөр хүчтэй салхитай байсан юм билээ. Тэр үед сурагчдын амралт дуусаагүй байсан тул дотуур байранд хүүхэд байгаагүй, галч, жижүүр нь л байсан гэсэн. Гэхдээ хүн түлэгдэж, гэмтээгүй. Галын шалтгаан нөхцөлийг хараахан тогтоогооүй байна. Ослын газарт аймгийн онцгой байдал, цагдаа, шүүх, прокурор гээд хууль хяналтынхан бүгд очсон, одоо дүгнэлтээ нэгтгэнэ. Дотуур байр нь 2010 онд ашиглалтад орсон. 100 хүүхдийн багтаамжтай. Энэ жил 80 гаруй хүүхэд амьдарч байсан. Хохирлыг одоогоор бүрэн тогтоож амжаагүй. Сурагчдын хэнд нь, ямар эд хогшил байсныг тодруулж байгаа. Дотуур байр л лав 400 сая төгрөгөөр баригдсан гэсэн. Тэгэхээр нэлээд хохирол гарах нь тодорхой. Цагдаагийнхан эзэн холбогдогчийг нь тогтоогоод эрүүгийн хэрэг үүсгэх байх хэмээн байцаагч Н.Ширчин тодруулга өгсөн байна.
Э.Сараа