Амлалтын хэрэгжилт тэгш бус байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Амлалтын хэрэгжилт тэгш бус байна гэв

УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүн С.Ганбаатар нар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэд “Эрдэнэс-Тавантолгойн” компанийн 1072 ширхэг хувьцаа, “Хүний хөгжил” сангаас олгох нэг сая төгрөгийн аль нэгийг сонгохыг Засгийн газрын зүгээс иргэдэд  тулгаж буй нь буруу гэж мэдэгдлээ.

Энэ тулгалт нь иргэдийн эрх ашгийг хохироож байна гэж тэд үзжээ. УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө МАХН /МАН/, АН хоёр  байгалийн баялгийг иргэдэд тэнцүү хэмжээгээр хуваарилна гэж амласан.

Гэтэл одоо Засгийн газрын шийдвэрээр  тэнцүү хэмжээгээр хүртээх боломжгүй боллоо. Хэрэв иргэд хувьцаа авалгүйгээр бэлэн мөнгө авна гэвэл “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг цөөн хэдхэн хүмүүс эзэмшихээр болж байна гэж УИХ-ын гишүүн Я.Батсуурь хэлж байв. Оюутнууд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нэг сая төгрөг бэлнээр авсаэн иргэд хувьцаа эзэмших боломжгүй болж байгаа нь буруу гэсэн юм. Харин АН иргэддээ байгалийн баялгаас хувьцаагаар хүртээнэ гэсэн амлалтаа биелүүлсэн. Үүнийг МАН мөнгөний амлалтынхаа золиос болгож байгааг гишүүн Я.Батсуурь тайлбарлав.

Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо удахгүй Засгийн газарт энэ талаар албан бичиг хүргүүлэхээр болсон байна. Иргэдэд нэг сая төгрөг, 1072 ширхэг хувьцааны аль алийг нь өгөх ёстой талаар бичигт тусгах ажээ.

Аль алийг нь давхар өгөх боломжгүй, аль нэгийг нь өгөх гэж байгаа бол иргэдээсээ уучлал гуйх ёстой гэж Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүн С.Ганбаатар хэлж байлаа. Гишүүн Я.Батсуурь, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүн С.Ганбаатар нар амлалтын хэрэгжилт тэгш бус байгааг шүүмжилсэн юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж