Монгол Улсын Төрийн өмчийн хороо нь Лондонгийн хөрөнгийн биржтэй урт хугацааны стратегийн түншлэлийн гэрээ хийсний дагуу удирдлага, зохион байгуулалтын түвшинд хамтран хөрөнгийн зах зээлийн эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, дэд бүтцийг сайжруулах, төлбөр тооцооны системийг дэлхийн стандартад хүргэхээр ажиллаж байгаа билээ.
Тус ажлын хүрээнд хөрөнгийн биржийн цогц "Миллениум Ай Ти" систем нэвтрүүлэхтэй холбогдуулан үнэт цаасны төлбөр тооцоог "Т+3" горимд шилжүүлэх ажил явагдаж байгаа бөгөөд ингэснээр хөрөнгө оруулагчид төлбөрөө хийх илүү таатай, уян хатан нөхцөлөөр хангагдах юм. Мөн үнэт цаасны төлбөр тооцооны клирингийн үйлчилгээг арилжааны банкуудаар гүйцэтгүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлыг зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкаар эхэллээ.
Худалдаа, хөгжлийн банк болон түүний 100 хувийн хөрөнгө оруулалттай, хөрөнгө оруулалтын банкны цогц үйлчилгээг үзүүлэгч Ти Ди Би Капитал ХХК нь үнэт цаасны мөнгөн хөрөнгийн төлбөр тооцоог гүйцэтгэх Анхны Клирингийн Банкаар сонгогдон Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК болон Ти Ди Би Капитал ХХК -тай хамтран ажиллах энэхүү гурвалсан гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэхүү гэрээ нь үнэт цаасны төлбөр тооцоог банкаар дамжуулан гүйцэтгэснээр төлбөр тооцоо түргэн шуурхай, эрсдэлгүй, найдвартай болгох бөгөөд бусад арилжааны банкуудыг хөрөнгийн зах зээлд татан оролцуулах үндсийг тавьж буйгаараа онцлог ач холбогдолтой юм.
Дашрамд дурдахад Худалдаа, хөгжлийн банк болон Ти Ди Би Капитал ХХК нь Монголын эдийн засгийн өсөлтийн гол хөшүүргийн нэг болсон Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан, байнга дэмжсээр ирсэн юм.