Норвегийн алан хядагч хийсэн хэргээ зөвтгөжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Норвегийн алан хядагч хийсэн хэргээ зөвтгөжээ

Норвегийн алан хядагч Андерс Бревик болон тус улсын хууль сахиулагчид гол дүрд нь тоглох гэмт хэргийн драм энэ хавар Скандинавид болно. 77 хүнийг буудаж хөнөөсөн гэх хэт барууны үзэлт Андерс Бревикийн энэ драм азаар кино хальсанд биш, шүүх хурлын танхимд болно.

Сэтгэцийн эмч нар Андерс Бревикийг сэтгэцийн өвчтэй гэдэг дүгнэлт гаргасан өдөр түүний хэрэг дээр ажиллах хууль сахиулагчдын нэрс тодорчээ. Тэдгээр хууль сахиулагчид 77 хүнийг буудаж хөнөөсөн үйлдлээ зөвтгөж, түүнээс цааш явж чадаагүйдээ харамсч буй Андерс Бревикийн хэргийг шүүх юм.

Шүүх эмнэлгийн эмч нар Андерс Бревикийг хэрэг үйлдэхдээ сэтгэц нь  өөрчлөлттэй байсан гэсэн дүгнэлт гаргасан юм. Гэвч хохирогчдын ар гэрийнхэн болон олон нийт дээрх дүгнэлтийг эсэргүүцсэн билээ.

Харин сэтгэцийн шинжээчдээс бүрдсэн тусгай баг  шоронд хоригдож байгаа Андерс Бревикийг сэтгэцийн  хувьд эрүүл гэж оношилсон байна. Шүүх хурал дээр шүүх эмнэлгийн дүгнэлт болон сэтгэцийн шинжээчдийн оношлогоог аль алиныг нь хэлэлцэх ажээ.

Андерс Бревик өнгөрсөн жил Утойя арал дээр олон хүнийг буудаж хөнөөснийхөө дараа Осло хот дахь Ерөнхий сайдын оффис байрладаг Засгийн газрын дүүрэгт бөмбөг дэлбэлсэн билээ. Андерс Бревик лалын шашинт цагаачдыг үзэн яддаг хэт барууны үзэлт этгээд үү, эсвэл сэтгэцийн өвчтөн үү гэдэгт хэн ч тодорхой хариулж чадахгүй байгаа энэ үед түүний хэрэг хүлээх чадвартай эсэхийг шүүх шийдэх аж.

Хэрэв Андерс Бревик хэрэг хүлээх чадваргүй, сэтгэцийн өвчтэй бол түүнийг сэтгэцийн албадан эмчилгээнд явуулах юм. Түүнээс гадна ийм этгээдийг бүх насаар нь цоожтой хаалганы цаана суулгах ял Норвегид байдаг аж.

Өмгөөлөгчийнх нь мэдэгдэж буйгаар Андерс Бревик хийсэн хэргээ зөвтгөөд зогсохгүй, түүнээс ч олон хүнийг цааш харуулах байсан юм гэж ярьсан гэнэ. Норвегийн яллагч Инга Байер “Андерс Бревикт ямар шийтгэл оноохыг хэлэхэд эрт байна” гэжээ.


Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж