Орон сууцны үзэсгэлэн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Орон сууцны үзэсгэлэн эхэллээ

Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан барилгууд оролцсон үзэсгэлэн яармаг Оросын соёл шинжлэх ухааны төвд өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд үргэлжлэх ба ЗТБХБЯ, ГХБХЗЗГ, ОССК, Нийслэлийн засаг даргын тамгын газар зохион байгуулж байгаа юм.

Үзэсгэлэнгийн үеэр нийслэл болон томоохон бүсийн тулгуур төвүүдэд ирээдүйд хэрэгжих томоохон орон сууцны төслүүд, банк санхүү, даатгалын байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай мэдээллийг авах боломжтой ажээ. Үзэсгэлэнгийн нээлтэнд  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж болон холбогдох яам, агентлагийн газрын удирдлагууд хүрэлцэн ирж, тууз хайчлах ёслолд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд цаашид барилгын материалын нийлүүлэлтийн тал дээр анхаарна. Маргааш болох барилгын салбарын улсын зөвөлгөөнөөр тулгамдаж байгаа бүхий л асуудлыг авч үзэх, шийдвэр гаргах түвшинд мөн анхаарах юм” хэмээн онцлов.

Үзэсгэлэнд оролцсон барилгын компаниудын тухайд “Харуул-Алтай” хотхоны м/кв-ын үнэ 900 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн үнэтэй ба БЗД-т байрлах Цагдаагийн академийн чанх хойно байрладаг ажээ.

Golden park орон сууцны барилгын нэг м/кв-ын үнэ 1,400 мянга, Khansvill хотхон нэг мкв-ын үнэ 2 сая төгрөг байсан юм. Энэ талаар Газрын харилцаа барилга , геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгээс тодруулахад, “Засгийн газраас барилгын дундаж үнийг тогтоосон. Барилгын компаниуд 1,100 мянгаас хэтрэхгүй байх үнийн хязгаарлалтанд оролцож ажиллах үгүй нь маргаашийн барилгын улсын зөвөлгөөнөөр шийдвэрлэгдэнэ” гэж хэлсэн юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж