АНУ-ын Калифорн мужийн Беверли Хилзийн цагдаагийн газар дуучин Уитни Хьюстоны үхлийн шалтгааныг мөрдөх ажлаа дуусгаж, хэргийг хаасан тухай лхагва гаригт мэдэгдлээ.
Цагдаагийн газраас дуучны үхэлд ямар нэгэн гэмт хэргийн ул мөр байгаагүй учраас ийнхүү мөрдлөгийн ажлаа албан ёсоор хаасан гэжээ. Уитни Хьюстоныг өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд Лос Анжелес хотын “Беверли-Хилтон” зочид буудалд нас барсан байсныг олсон билээ. Дуучин Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцохоор Калифорни мужид ирээд байсан юм.
Шүүхийн шинжээчид Уитни Хьюстоныг хар тамхи хэрэглэсэн болон зүрхний дутагдлын улмаас нас барсан гэж тогтоосон юм. Дуучныг хоёрдугаар сарын 19-нд Нью-Жерси мужид эцэг Жон Рассел Хьюстоны шарилын хажууд оршуулсан билээ.
Н.Тунгалаг