“Johnson & Johnson”-ыг 1,1 тэрбумаар торголоо

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

“Johnson & Johnson”-ыг 1,1 тэрбумаар торголоо

АНУ-ын Арканзас мужийн шүүхээс Johnson & Johnson компанийг хэрэглэгчдийн эрх ашиг зөрчсөн гэж 1,1 тэрбум ам.доллараар торгосон талаар ИТАР-ТАСС мэдээлэв.

Тус компанийн эмийн Жанссен салбар нь "Риспердал" /Risperdal/ эмийнхээ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тухай хэрэглэгчдэд мэдээлээгүйг шүүхээс буруутгасан байна. 2007 онд "Риспердал" эмний талаар анх гомдол гарсан бөгөөд хүмүүсийн ихээр хэрэглэдэг энэ эм нь хуулийн болон эм зүйн дүрмийн 240 мянган зүйл заалтыг зөрчсөн гэж шүүхээс тогтоосон ажээ.

Шүүхээс "Риспердал" эмийн сүүлийн гурван жилийн хугацаанд бичигдсэн жор бүрт таван мянган ам.долларын торгууль оноосон нь нийт дүнгээрээ 1,1 тэрбум болсон гэнэ. Түүнчлэн Johnson & Johnson компанийг хүний биед харшлах эм худалдсан хэмээн дахиад 11 сая ам.доллараар торгох болсон аж.

"Риспердал" эмийг анх 15 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн ч сүүлийн үед хийсэн лабораторийн шинжилгээгээр энэ эм нь хоол боловсруулах болон зүрх судасны үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй нь батлагдсан байна.

Арканзас мужийн шүүх 2003 оноос хойш АНУ-ын олон мужийн эмч нарт "Риспердал" эм нь өрсөлдөгч компаниудын эмнээс илүү сөрөг нөлөөтэйг анхааруулаагүй гэж Johnson & Johnson компанийг буруутгасан юм. Мөн Өмнөд Каролин болон Техас мужийн шүүхээс Johnson & Johnson компанид 500 сая ам.долларын торгууль ноогдуулаад байгаа юм байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж