Энэ он гарсаар эхний хоёр сард 854 тохиолдол бүртгэгдэж, гуравдугаар сард үргэлжлэн гарсаар байгаа нь өмнөх онтой харьцуулахад өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Гахайн хавдраар хүүхдүүд ихэвчлэн өвчлөх магадлал өндөр байдаг. Одоогоор Улаанбаатар хотод зонхилон гарч, сургуулийн насны хүүхдүүд нийт өвчлөгсдийн 65.4 хувийг эзэлж байна.
Манай улсад 2009 оноос гахайн хавдар, улаан бурхан, улаанууд өвчний эсрэг вакциныг хоёр тунгаар есөн сартай, хоёр настайд нь хийж эхэлснээр түүнээс хойш төрсөн хүүхдүүд өвчлөх нь харьцангуй бага. Харин таваас дээш насны хүүхдүүд өвчилж байгаа учир эцэг, эх, хүүхдийн байгууллага анхаарах хэрэгтэй байна.
Өнгөрсөн сард Улаанбаатар хотод гахайн хавдрын халдварын 186 тохиолдол бүртгэгдэж, ХӨСҮТ-д 150 өвчтөн хэвтэн эмчлүүлсэн. Өнөөдрийн байдлаар хүндрэл гараагүй. Гэрт нь тусгаарлах боломжгүй, өвчний цочмог үедээ байгаа, хүндэрч болзошгүй өвчтөнг хэвтүүлэн эмчилж байна. Өвчлөгсдийн дотор хүүхдүүдээс гадна 20-30 насны хүмүүс, хамгийн ахмад нь 57 настай хүн өвчилжээ.
Зохиогчийн эрх: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин