Цаашилбал, Тэр шороог авчирч ёслол хийхэд хэдэн төгрөгний зардал гарсан бол? Лав л хэн нэгэн машинд дайгдаж очоод атга шороо авчраагүй. Наанадаж л нисдэг тэрэг хөлөглөж сүр хүчийг үзүүлж улсын мөнгийг үрэн таран хийсэн байж таараа. Тэгээд энэ гал тойроод зогсож байгаа улсын дунд нь үгүй энэ чинь болохгүй байна гээд дуугарчих хүн байхгүй гэхээр бас л бэрх байгаа юм шүү. За тэгээд ийм юм санаачилж хийснээрээ монгол улс эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал дээр хэдэн алхам ухарсан хэрэг боллоо гэдгээ ойлгож байгаа юм болов уу.
Ер нь төр шашин холилдох их дэмий эд гэж би хувьдаа боддог. Төр шашин холилдчихсон лалын шашинтай хэдэн улс, Афганистан энэ тэр гээд тод томруун жишээ бэлэхнээ байгаа биз дээ. Тухайн хүн шашин шүтэх эрхтэй байж болно, гэхдээ түүнийг нь төр барьж авч бусдад тулгах гэдэг ардчилсан гээд байгаа нийгэмд тохирохгүй эд шүү дээ. Би өөрөө ямар нэг шашин шүтдэггүй, гэхдээ шүтдэг улсыг нэг их төвөгшөөдөггүй. Тэдний итгэл үнэмшлийг хүндэлж явдаг гэх үү дээ. Тэр утгаараа тэр янз бүрийн эмэгтэй хүн гарч болохгүй гэдэг газраар явна гэж зүтгэдэггүй ээ. Харин тэнд байгааг энд авчирчихаад эмэгтэй хүн оруулахгүй энэ тэр гээд байдаг бол харин ёстой илүү зан. Угаасаа тэгээд уул тахилаа л гэнэ, миний л мэдэхийн тахиж байна гээд баахан хог овоолчихоод нэг их хэрэг бүтээсэн улс шиг явдагаа болимоор байгаа юм. Тэгээд тэр улс чинь уулын оройд очоод улс орныг минь өөдлүүлж хайрла гэж залбирдаг гэдэгт би л лав итгэхгүй. Цаг сайхан болж иргэд сайхан амьдрах хэрээр тэр улсын чинь олзны уут хаагдах учраас битгий өөдлөөсэй гэж гуйдаг биз.
Бид Чингис хаан гээд л байдаг хэрнээ яг чухамдаа тэр хүн яагаад тийм агуу байсныг ухаардаггүй нь хачирхалтай. Юм хийж чадах нэгнийг бол гарал үүсэл ялгалгүй хажуудаа авч ажиллуулдаг тэр хэрээрээ амжилттай байсныг бодууштай. Өөрийг нь шархдуулсан Зэв, татарын өнчин хүү Шихи Хутаг гээд наад зах нь. Тэгэхэд өнөөгийн засаг төр нь тэрний эсрэг хамаатан саднаа өөд татах, бас заримыг нь гадуурхаж хагалах бодлого явуулж буй нь харамсалтай.
Эцэст нь хэлэхэд ийм шоу хийж олон нийтийн анхаарлыг тулгамдсан асуудлаас холдуулах заль мэх юм уу даа. Сонгуульийн сурталчилгаанд бид ингэж гал бадраагаад л гээд баахан дэмий ярьцгаах юм уу хайшаа юм. Хуулиа мэддэг бас дээдэлдэг зарчимтай төрийн түшээ гэдэг өнөө үед байдаг юм болов уу? Нөгөө алмас, эсвэл Нэсс нуурын мангас шиг домог төдий болоод хувирсан юм байлгүй дээ хөөрхий.
Тэр үндсэн хуулийн цэцийн шийдвэр бол бүр аймшигтай. Тахилгатай газрын шороог тулганд өрсөн тул эмэгтэй хүн оролцуулаагүй нь зөв гэж байгаа юм уу. Нэртэйгээр нь тэр шороогоо төрийн ордноор нэг дэвсчихээд хүүхнүүдийг оруулахаа больчих. Нөгөө цай майгаа чануулдаг улс бас хүүхнүүдгүй байж чадахгүй байх л даа. Инээх ч хэцүү уйлах ч хэцүү, ийм төртэй бид одоо яанаа. Харанхуй мунхагийн тод томруун жишээ.