Ноолуурын хагасыг дотоодын ААН-үүд худалдан авна

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Ноолуурын хагасыг дотоодын ААН-үүд худалдан авна

Монгол Улс жилд 5500-6000 орчим тонн ноолуур бэлтгэдэг. Үүнийхээ дийлэнх хэсгийг түүхийгээр нь урд хөрш рүүгээ гаргадаг гэхэд маргах хүн үгүй биз. Гуравдугаар сарын дунд үеэс Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг зүүн аймгийнхан ямаагаа самнаад эхэлжээ. Тэндхийн ноолуур хялгас багатай төдийгүй бүтээгдэхүүний гарц өндөр тул хамгийн үнэтэй нь байдаг. Чанар сайтай энэ бүсийн ноолуур зах зээлд гарангуутаа дээд үнэ тогтоогоод байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Хэнтий аймагт кг ноолуур 72 мянган төгрөгөөр зарагдаж байв. Цаг агаарын нөхцөлөөс болж зүүнээс бусад аймгийн ноолуур нь хялгас ихтэй тул цаашид үнэ нь буурна гэж ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг дуулгалаа. ХҮЛЭЭЛТ Өнгөрсөн онд Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль батлагдаж, энэ оны зургаадугаар сараас хэрэгжихээр байгаа. Үүнтэй холбоотойгоор ХАА-н биржээр дамжуулан ноолуураа борлуулбал үнэ нь өснө гэсэн яриа малчдын дунд тархаж, хүлээлт үүсгээд байгаа юм билээ. Зүүн аймгийнхан бэлтгэх ноолуурынхаа 50-60 хувийг самнаад буй ч борлуулалт муу байгаа гэх мэргэжилтний үг үүнийг батална.Гэсэн ч ноолуурын чанарын “өрсөлдөөн” кг ноолуурын үнийг 72 мянган төгрөгөөс аажмаар бууруулах гэнэ. Тухайлбал, өмнөх онд кг ноолуурын үнэ хамгийн дээд тал нь 75-76 мянган төгрөгт хүрч байснаа жилийн эцсээр 45 мянга болж буурсан аж. “Өнжсөн” ноолуур энэ оны эхээр 45-50 мянган төгрөгийн үнэд хүрч байжээ. Малчид ноолуурын үнийг ажиглан, зах зээлд яаран гаргахгүйгээр шийдсэн бололтой. Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын малчид ямаагаа самнаж эхэлсэн ч тэд “Нийслэлд кг ноосыг 67 мянган төгрөгөөр авч байгаа гэнэ. Цаашид өсөж магадгүй гэсэн” гэцгээж байгаа сурагтай.Өмнөх жилүүдтэй харьцуулбал Хятадын компаниудаас ноолуур авна гэсэн зарыг ирүүлэх, мөнгөө ченжүүдэд байршуулж, тараах нь харьцангуй бага байгаа гэнэ. Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн эсэргүүцэлтэй тулгардаг тул тэд ченжүүдээр дамжуулан ноолуураа худалдан авдаг гэж “Эмээлт” захын худалдаачид ярьж байна. Энэ нь “зөөлөн алт”-ыг худалдан авах хүмүүсийн ааш аяг одоохондоо аядуу байгааг илтгэж буй. Ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу “Өнгөрсөн онд хятадууд ноолуурыг өндөр үнэ хүрнэ гээд кг-ыг нь 70 мянган төгрөгөөр худалдаж авсан. Тэнд багагүй хэмжээний ноолуур үлдсэн юм билээ.

Тэгэхээр манайхаас энэ жил их хэмжээгээр ноолуур авахгүй байх. Малчид ноолуураасаа дийлэнх орлогоо олдог тул өндөр үнэ хүргэн борлуулах хүлээлт байгааг нь буруутгах аргагүй. Өнөөдрийн байдлаар үндэсний үйлдвэрлэгчид ч, ченжүүд ч ноолуурыг хэдэн тонноор нь бус, бага хэмжээгээр худалдан авч байгаа” гэж ярилаа. Кг ноолуур 80-100 мянган төгрөгтэй тэнцэнэ гэх яриа тархаад байгаа тухай лавлахад тэрбээр “Улс төрийнхөн нь юм уу бизнесийнхэн нь гаргасан юм уу бүү мэд. Ямартай ч ноолуурын үнэ дээрх хэмжээнд хүрч өсөх боломжгүй” гэв. Дэлхийн зах зээлд самнасан ноолуураар ханш тогтоодог бөгөөд одоогоор кг нь 100- 105 ам.доллартай дүйж байгаа гэнэ. Үүнийг үндэслэн тооцоход бохир ноолуур 50 орчим мянган төгрөгтэй тэнцэх аж.

“Дэлхийн зах зээлд ийм үнэтэй байхад хятадууд үүнээс илүү үнэ төлөхийг хүсэхгүй шүү дээ. Кг ноолуурын үнэ 50-60 мянган төгрөгт хэлбэлзэх байх” гэж Г.Ёндонсамбуу ярьсан юм. “Эмээлт” зах дээрх худалдаачдаас ноолуурын үнийн талаар лавлахад худалдан авч эхлээгүй, ханш нь хэрхэхийг мэдэхгүй учраас хүлээзнэж байна гэлээ. Хятадууд малчдыг “отож”, “Эмээлт” рүү ирэх замд нь тосон, шинэ самнасан ноолуурын кг тутамд 71 мянган төгрөгөөр үнэлэн авч байгаа гэж байна. Ямартай ч кг “зөөлөн алт”-ны үнэ 50 мянга байх нь уу, 100 мянган төгрөгт хүрэх нь үү гэдгийг харах л үлдэв бололтой.

                                                           Эх сурвалж  ХАА-н  үндэсний  портол сайт / agrinfo.mn /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж