
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй. УИХ дахь намын бүлгүүд энэ талаар саналын зөрүүтэй байгаа. МАН-ын бүлгийнхэн Цэцийн шийдвэрийг хүлээж авахаар шийдсэн бол АН-ын бүлгийнхэн татгалзаж байгаа юм. Цэцийн уг шийдвэрийг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Уг нь бол Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй байх нь ирэх зун бүрдэх шинэ парламентын бүрэлдэхүүнд эерэгээр нөлөөлнө. Эрх биш сонгогчдоор шүүлгэсэн, тойрогт өрсөлдсөн гишүүд УИХ-д түлхүү орж ирсэн нь дээр гэх гээд байна л даа.Тэр хүн намаасаа нэр дэвшиж тойрогт өрсөлдсөн, хөрөнгө хүчээ зарсан, сонгогчдын 30 шахам хувийн итгэлийг хүлээсэн зэргээрээ зүгээр нэрсийн жагсаалтын эхэнд намын даргын үзэмж, албан тушаалын ахиугаараа зоолгоод бие, сэтгэл амар гишүүн болоод ороод ирсэн нөхрөөс хавьгүй дээр юм.
Ядаж ирэх намраас гишүүдийн хооронд зөрчил маргаан үүсээд эхэлнэ. “Би бол тойрогт хүчээ шавхаж, сонгогчдын итгэлээр сонгогдсон түшээ. Чи бол намын даргын ойрын хүрээлэл, лоббины хүн, албан тушаалаараа орж ирсэн луйварчин”гэх зөрчил гишүүдийн дунд хүссэн хүсээгүй гарна. Тэгэхээр аль ч намын төлөөлөл бай, гишүүдийн үнэмлэхүй олонх нь тойргоос гарч ирсэн байх нь парламентын доторх зөрчлөөс сэргийлнэ.
Намын даргын шадар хүн, намдаа өргөл хандив их өгсөн нөхөд, үеэ өнгөрөөж яваа гай ч үгүй, гавьяа ч үгүй архаг гишүүд намын жагсаалтаар олноор орж ирж УИХ-ын бүтцийн чанарыг бууруулахаас сэргийлэх арга нь мөнөөх “гулсдаг” заалтыг Сонгуулийн хуульд үлдээх явдал юм.