Иран цөмийн асуудлаар дэлхийн хүчирхэг зургаан улстай энэ сарын 14-нд Туркийн нийслэл Истамбулд хэлэлцээр хийхийг зөвшөөрч, байр сууриа илэрхийлсэн байна. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн төлөөлөгч Майкл Манн “Иран улс зургаан улсын удирдлагуудтай хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн бөгөөд хэлэлцээрийн үеэр уран дахин баяжуулж, олон улсын энх тайван байдалд аюул учруулахгүй гэдгээ албан бус мэдэгдсэн” хэмээжээ.
Цөмийн хөтөлбөрөөс болж бүс нутагт хурцадмал байдал үүсээд байсан. Гэвч Иран ОХУ, Хятад, Герман, Франц, Их Британи, АНУ-тай хэдэн долоо хоногийн турш дипломат яриа хэлэлцээр хийсний эцэст цөмийн асуудлаар ийнхүү хэлэлцээрий ширээнд суухаар болсныг BBC агентлаг онцлов. Цөмийн хөтөлбөрөөс болж НҮБ-ын зүгээс хүчтэй дарамт шахалтанд орсон Иран өнгөрсөн сард Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ ч мэдэгдсэн. Харин Европын холбооноос Иранд нефтийн хориг арга хэмжээ авч, өнгөрсөн сард Ази руу чиглэсэн Ираны нефтийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн. Шинжээчид үүнийг ганц л гаргалгаагаар тайлбарлаж байгаа. Тэд “Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэх эсэх нь дэлхийн энх тайвантай холбоотой боловч нөгөө талаас тус улсын тусгаар тогтнол, эрх чөлөөтэй салшгүй холбоотой зүйл. Гэхдээ тэдэнд бусад гүрэнд нөлөөлж чадахуйц хүч бий юү гэдэг том асуулт юм. Хөрш зэргэлдээ Турк улс өөрийн замыг сонгож пуужин эсэргүүцэх төхөөрөмж хилийн ойролцоо суурилуулсан нь тэднийг балмагдуулж сандаргасан байх. Одоо Иранд энхийн хэлэлцээрт суух өөр гарц үгүй бололтой. Ийнхүү тэдний бардамналд төгсгөл ирлээ” хэмээн дүгнэжээ.
“Цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй, уран баяжуулахгүй” гэх утгатай гэрээнд элссэн Иран дэлхийн аль ч орны нэгэн адил эрчим хүч, судалгааны зорилгоор уран баяжуулж болох ч яг иймэрхүү төрлийн технологийг цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэдэг талаар эрдэмтэд баталсан байна. Эрдэмтдийн үзэж буйгаар 20 хувь хүртэл баяжуулсан ураныг изотоп, цөмийн байгууламжийн судалгаанд ашигладаг бол цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд 90 гаруй хувь хүртэлх баяжуулсан ураныг ашигладаг аж. Тиймээс Ираны ашиглаж буй эрчим хүч, баяжуулж буй ураны хэмжээ цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд хангалттай талаар онцолсон байна. Ираны тал “Цөмийн хөтөлбөр нь эрчим хүч, судалгааны зорилготой” гэж мэдэгдэж байгаа ч АНУ болон өрнөдийн орнуудын хардлагыг төрүүлсээр байгаа.
Иран улс газрын тосоор баян орон. Тиймээс эдийн засаг, газрын тосны хориг арга хэмжээг авснаар тус улсыг гацаанд оруулж чадаж байгаа билээ. Ираны эрх баригчид АНУ тэргүүтэй орнуудын байр суурийг өнгөрсөн хугацаанд хангалттай сайн илэрхийлсэн. Тэдний үзэж буйгаар АНУ нь Исламын орнуудыг нэг нэгээр нь цөлмөж, газрын тосыг нь эзэгнэж өөрсдийн ноёрхлыг тогтоох хэтийн бодлого явуулж буйг шүүмжилсэн. Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна гэж сэжиглэж эхэлсэн. Тиймээс тэд шинжээчдийн багийг тус улс руу илгээж дэлхий нийтэд нээлттэй мэдээлэл өгөх, шударга ёс баримтлахыг шаардсан. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Юкияа Амано “Иран цөмийн хөтөлбөртэй холбоотой бүхнийг нууцалж байна. Бидний гайхаж буй зүйл бол энэ. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Иранд хамтарч ажиллахыг уриалсан. Гэвч тэд хийж буй зүйлдээ анхаарал хандуулж биднийг үл тоомсорлосон. Харин одоо бидэнтэй хэлэлцээрийн ширээнд нэгдэх санал тавьж байна. Үүнийг бид талархан хүлээж авч байгаа нөгөө талаасаа асуудалд болгоомжтой хандахыг зорьж байгаа” гэж CNN агентлагаар уламжилсан аж.
АНУ-ын Төрийн нарын бичгийн дарга Х.Клинтон “Бие даасан байдал, тусгаар тогтнол, эрх чөлөө, энх тайван” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэх талаар мэдэгдсэн. Гэвч ОХУ-ын зүгээс Ираны цөмийн эрчим хүчийг дэмжиж байгаа ч цөмийн зэвсгийг дэмжихгүй талаар байр сууриа илэрхийлсэн юм. Дэлхийд цөмийн зэвсэгтэй улсууд хүчирхэгт тооцогддог эрин үе нэгэнт ирсэн. Хэчнээн ядуу буурай орон байсан ч цөмийн зэвсэгтэй л бол түүнийгээ “барьцаалан” ашиглаж геополитикийн тоглолт хийх болсон нь туйлын үнэн. Эдийн засгийн хувьд ч, нөхцөл байдлын хувьд ч тэр Иран хэцүүхэн байдалд ороод буй. Гэхдээ цөмийн хэлэлцээрийн ширээний ард суух гэж буй нь дэлхийн энхтайван байдлыг хадгалахад нааштай үйлдэл болж байгааг зарим орны тэргүүн сайшаав. Ямартай ч зургаан талт хэлэлцээрийн дараа Ираны эдийн засгийн байдал сайжирна гэдэгт эрх баригчид нь найдаж байгаагаа CNN агентлагаар удаа дараа уламжилсан байна.
"Улс төрийн тойм" сонин