Зэсийн үнээс хамаарч, төсөвт тодотгол хийдэг гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Зэсийн үнээс хамаарч, төсөвт тодотгол хийдэг гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаатай холбоотойгоор гишүүд ирэх намар  төсөвт дахин тодотгол хийх үү, үгүй юу гэдгийг сонирхлоо. Учир нь өнгөрсөн жил 2009 оны төсвийг баталснаас хойш хоёр ч удаа гар хүрсэн юм байна. Сангийн сайдын тайлбарласнаар Монгол Улсын төсвийн орлогын гол эх үүсвэр болсон  зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр манайхаас үл хамаарч хэлбэлзэж байдаг тул төсөвт тодотгол хийхээс аргагүй болдог аж. Хэрвээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ-аар баталчихвал төсөвт ахин дахин тодотгол хийх шаардлагагүй болно гэж сайд хэллээ.
Монгол Улсын Засгийн газраас УИХ-д 2010 оны нэгдсэн төсвийг өргөн барихдаа зэсийн үнийг нэг тонныг нь 4800 ам.доллар байхаар тооцож оруулж ирсэн. УИХ-аар төсвийг хэлэлцэх шатанд зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өссөн тул 5800 ам.доллар болгож, нэмж баталсан. Харин 2010 оны эхний нэгдүгээр улиралд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ дахин өсч 8000 ам.долларт хүрсэн учраас төсвийн тодотголд 7500 ам.доллараар тооцож оруулж ирсэн. Гэтэл өнөөдөр зэсийн үнэ 6800 ам.доллар руу буусан. Тиймээс гадны хүчин зүйлээс шалтгаалж, төсөвт гар хүрэхээс аргагүй болдог гэнэ.

 Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж