Өндөр үнэтэй байр захиалахгүй байхыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Өндөр үнэтэй байр захиалахгүй байхыг уриаллаа

Өнөөдөр
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн улиралд мах
болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, орон сууцны одоогийн
ханш хэр бодитой байгаа талаар  хийсэн судалгаагаа олон нийтэд
танилцууллаа. Тэдний судалснаар мах, өргөн хэрэглээний бараа
бүтээгдэхүүн, байрны үнэ зах зээлийн бодит үнээсээ хэт өндөр, хөөстэй
байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Мөн
сүүлийн үед шатахууны үнэ буурч эргээд хуучин хэвэндээ орсон ч түүнийг
дагаад өссөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, такси гэх мэт
үйлчилгээний үнэ  буухгүй байгааг ч энэ үеэр хэлсэн. Тэгвэл орон сууцны
үнэ яагаад өсөөд байгаа болон цаашид ямар зохицуулалт хийх шаардлагатай
байгаа талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах
нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
Д.Чулуунбаатараас тодрууллаа.

Орон сууцны  үнийн өсөлт хөөстэй байна гэдгийг танайх ямар аргачлалаар судалж, гаргасан бэ? 


Манай холбооноос шинээр барьж буй тэр дундаа  “100 мянган айлын орон
сууц” хөтөлбөрийн хүрээнд орон сууцны үнэ зарагдах бодит үнэ хэд байх
боломжтойг судалж үзсэн.  Ингэхдээ Засгийн газрын 336 дугаар тогтоол
буюу “Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, жишгийн үнэлгээг батлах тухай”
тогтоолд заасан үнэлгээнд тулгуурлаж орон сууцны үнэ бүтэж буй
аргачлалыг нарийвчлан авч үзэж хийсэн юм. Энэ судалгаагаар бол орон
сууцны ам метрийн бодит үнэ 900.000- 960.000  төгрөг байх боломжтой гэж
гарсан. Гэтэл ноднин, энэ жил ч гэсэн орон сууцны үнэ дунджаар 1.2-2.8
сая  төгрөгийн хооронд байгаа юм. Энэ нь тэгэхээр эдийн засгийн бодит
үнэ биш, хөөстэй байна гэсэн үг.

Тэгвэл орон сууцны үнэ хөөрөгдөж буй гол шалтгаан нь юу байна вэ?

-Өнгөрсөн
оноос хойш Улаанбаатарт шилжин ирэх өрхийн тоо 3-4 дахин өссөн судалгаа
гарсан. Тиймээс  их эрэлтээс үүдэж байрны үнэ огцом өсөн нэмэгдэж
байна. Дээр нь Засгийн газраас гаргасан “100 мянган айлын орон сууц”
хөтөлбөр эрэлт нэмэгдэхэд нөлөөлж, үнэ хөөрөгдөх нэг шалтгаан болсон гэж
үзэж болно. Мөн цемент, арматур гэх мэт барилгын гол нэрийн
бүтээгдэхүүний үнэ ч инфляцитай холбоотойгоор тодорхой хэмжээгээр өссөн
байгаа юм. Түүнчлэн төрөөс зах зээлийн зарчим гэсэн нэрийн дор орон
сууцны үнэд зохицуулалт хийхгүй байгаа нь үл хөдлөх хөрөнгийн үнийн
өсөлтийг улам дэвэргэж байна.

 Үнийг бууруулах ямар арга зам байна вэ?

-Бид
ийнхүү барилгын бодит үнийг тооцоод гаргаад ирчихсэн байна. Үүнийг төр
засаг, холбогдох газруудад нь хүргүүлнэ. Тэгэхээр төр засгаас “100
мянган айлын сууц” хөтөлбөр шиг нийгмийн чанартай хөтөлбөр
хэрэгжүүлэхдээ тендер зарлаж байх хэрэгтэй. Түүнчлэн үнийн хөөсийг
арилгахад төр  зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. Мөн иргэн Та 
“100 мянган айлын орон сууц”  хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байгаа бол ам
метр нь нэг сая төгрөгөөс дээш үнэтэй орон сууцанд захиалга  өгөх
хэрэггүй гэдгийг  уриалах байна. 

Б.Ууганбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж