Жил бүр хаврын аль нэг өдрийг сонгож байгаад тэрбээр сэтгүүлчдийг цуглуулж, нэг өдрийг зориулдаг уламжлалтай. Зангиагүй уулзалтархуу юм уу даа. Өнөө жилийн тов өчигдөр тохиосон юм. Гэхдээ бүтэн бус хагас өдрийг түүнтэй өнгөрөөх үеэр тэр энэ мэтийг хэвлэлийнхэнд элдэв хачиргүйгээр ярьсан юм. Тэрбээр сэтгүүлчдэд хамаг байдгаараа байцаагдаж, асуусан болгонд нь хариулж “жижгэрдэг” болохоор жилдээ ганц удаа сэтгүүлчид хотыг захирдаг өдөр ч гэж хошигнож болох байх. Парламентын баталсан зарим “түүхий” хууль амьдралаас хол зөрүү байлаа ч хэрэгжүүлэх үүрэг нь Г.Мөнхбаяр ба түүний “цэргүүд”-д байдаг болохоор нийслэлчүүдийн өмнө нүүрээ улалзуулах тохиолдол сүүлийн үед улам ихсэж байгаа аж. Шийдлээ хүлээсэн олон асуудлыг нийслэлчүүд түүнд байнга сануулж, цөхөрсөн зарим нь уурлаж уцаарлах ч энүүхэнд аж. Үүнийг тэр буруутгаагүй. Гэхдээ яаж дуугүй байх вэ, өөрсдийгөө бас өмөөрсөн. Нийслэлчүүд өнөөдөр “Хүүе Мөнхбаяр аа, энэ эвдэрсэн замыг засч өг. Манай орцны хаалга хэмхрээд уначихлаа ирж хадаарай. Энэ хог дийлдэхээ байлаа шүү” гэх зэргээр гомдоллодог ч өөрөө өөрсдийнхөө төлөө юу ч хийхээ больсныг тэр бас хатуухан хэлсэн. Ер нь аль болох халамжлуулах сонирхолтой болж, гэрийнхээ хогийг ч шүүрдүүлэхээс наахнуур байгааг шүүмжилж байсан. Ухаж бодох л үг. Иргэн хэнбугай ч төрийн үйлчилгээг хүртэх ёстой. Гэвч газарт унасан цаасыг аваад хогийн сав рүү хийж гийгүүлэх нь байтугай татсан тамхины ишээ хээв нэг хаячихдаг нь хэн билээ. Тэр ишийг цэвэрлүүлэх гэж бүхэл бүтэн байгууллага бий болгож, нэг хэсэг хүнийг цалинжуулж байгаа нь энэ нийгмийн нэг гажиг. Гэхдээ яг өнөөдрийн нөхцөлд бол байхаас аргагүй гажиг. Сөүл, Токиод гэхэд л зам шүүрдээд зогсож байгаа хүн харагддаггүй, ийм гажиг ажлын байр ч байхгүй. Гэсэн хэр нь бүх юм нь цэвэр цэмцгэр л байдаг. Тэд ийм ажлаа техникээр гүйцэтгэдэг, бас иргэн болгон нь өглөө, оройгүй орчин тойрноо өөрсдөө цэвэрлэчихдэг. Манайд бол Г.Мөнхбаярын явуулах хогийн машиныг хүлээнэ, ирэхгүй бол хашааныхаа үүдэнд овоолчихно. Дээрээс нь гэр хорооллынхны өвөлжин түлсэн нүүрсний үнс дулааны улирал эхлэхээр хотыг бүхэлд нь сааралтуулж орхидог. Хаврын хавсаргатай энэ өдрүүдэд ч улаанбаатарчууд нийтээрээ хамрын тамхи шиг тоос, шороогоор амьсгалж байна. Үүнийг дагаад ногоон байгууламжийн асуудал босч ирдэг. Энэ бас л Г.Мөнхбаяртай холбоотой. Иймэрхүү хэцүү зүйл өнөөдөр хотын аль ч хэсэгт өдөр тутамд олон таарч байгааг наад захын хүн хэлнэ. Энэ нь нэг талаас Улаанбаатар маань их хотын өнгө төрх рүү дөхөж буйн илрэл ч байж болох юм. Нөгөө талаас утаа, хог, замын түгжрэл, гэр хорооллын тэлэлт, гэмт хэргийн гаралт зэрэг олон бэрхшээл гэнэт нэг өдөр гараад ирээгүй. Тэгэхээр хотын удирдлага л үүнийг хийх учиртай. Хэн байх нь хамаагүй. Тиймээс энэ том хөдөлгүүрийг урагш нь хөдөлгөхөөс өөр арга байхгүй. Сая хоёр зуун мянган ам бүлтэй энэ айл 20 жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн ч гэлээ нийгмийн хурдыг гүйцэлгүй ард үлдчих гээд байгаа цөөнгүй зүйл байсаар байна. Хотын удирдлагууд 2012 онд нийслэлчүүдийн нүдэнд харагдаж, гарт баригдах ямар ямар ажлыг хийх вэ. Г.Мөнхбаяр даргын хэлснээр бол 5000 хүний суудалтай, хөлбөмбөгийн битүү талбайг XV хороололд байгуулах, 500 хүний суудалтай шинэхэн театрыг “Жанжин” клубын буурин дээр шинээр барих аж. Бас өнгөрсөн жил гар хүрэлгүй үлдээсэн автозамуудыг бараг бүгдийг нь энэ жил засч, өргөтгөх юм билээ. Энд дуулгах нэг таатай мэдээ гэвэл Нисэх, Яармагийн замыг зургаан эгнээтэй болгож өргөтгөх аж. Сэтгүүлчдэд үзүүлсэн бүдүүвч зургаар бол ер нь энэ жил хотын зам бүхэлдээ шил толь шиг болохоор харагдаж байсан. Үүнээс гадна бүтээн байгуулалт нь аль хэдийнэ эхлээд байгаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сэтгүүлчдийн төгөл байгуулах асуудал өнгөрсөн жилийн уулзалтын үеэр яригдсан юм. Дэмжих хүн ч байсан, баалах нь ч байсан. Өчигдрийн уулзалтын үеэр энэ аман яриа ажил хэрэг болж, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид Г.Мөнхбаяр даргатай ярилцсаны дагуу энэ сарын 27-нд Монголын бүх хэвлэл, мэдээллийнхэн уг цэцэрлэгт хүрээлэнд очиж мод тарихаар болсон юм. Хотын захиргааны “хар байшин”-д бидний олж хардаггүй энэ мэт олон ажил урагшилж л байгаа юм билээ.
"Улс төрийн тойм" сонин