Каддафигийн хүү өмгөөлөгч авахгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Каддафигийн хүү өмгөөлөгч авахгүй

Муамар Каддафийн хүү Сейф Аль Ислам Каддафи шүүх хурлын үеэр өмгөөлөгч авахгүй гэж мэдэгдсэн талаар ИТАР-ТАСС мэдээлэв.

Ливийн Засаг Захиргаа болон Гаага дахь Олон улсын шүүхийн хооронд холбоо дамжуулж байгаа Ливийн хуульч Ахмед Аль Жехани мэдэгдэхдээ Сейф Аль Ислам Каддафи өөрийгөө өмгөөлнө гэжээ. Ахмед Аль Жехани хамгийн сүүлд гуравдугаар сарын эхээр Сейф Аль Ислам Каддафитай уулзсан бөгөөд түүний биеийн байдал сайн байгаа гэж мэдэгдсэн байна. Тэрээр Сейф Аль Ислам Каддафийг өмгөөлөгч авахыг зөвлөсөн боловч Слободан Милошевичийн адил өөрийгөө өмгөөлнө гэж хэлсэн гэнэ.

Харин өнгөрсөн долоо хоногт Гаага дахь Олон улсын шүүхээс мэдээлэхдээ Зинтан хотод олон сараар хоригдсон Сейф Аль Ислам Каддафийг ганцаар хорьж байгаа бөгөөд түүнтэй хүмүүн бусаар харьцаж, зодож байгаа гэсэн юм. Хүний эрхийг хамгаалагчид Сейф Аль Ислам Каддафийг эрхээ эдэлж чадахгүй, хуулийн цоорхойд байна гэж онцолжээ.

Ливийн Засаг захиргаа олон улсын эрх зүйчдээс Ливийн хуулийн системийг шинэчлэх талаар зөвөлгөө авч байгаа гэнэ. Цэргийн гэмт хэргийн хуулийг Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөл судалж байгаа гэж Ройтерс агентлаг бичсэн байна.
Гаага дахь Олон улсын шүүхээс Сейф Аль Ислам Каддафийг даруй шилжүүлэхийг шаардсаар байгаа ч Триполи нь Муамар Каддафийн залгамжлагчийг өөрөө шүүнэ гэж мэдэгдээд байгаа юм. Ливийн шүүхээс Сейф Аль Ислам Каддафид цаазын ял оноож магадгүй гэж шинжээчид үзэж байна. Харин Олон улсын шүүхээс түүнд хорих ял оноох магадлалтай юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж