Нийт 300 депутат хуралддаг Үндэсний ассамблейн сонгуулийн дүн нь ирэх арванхоёрдугаар сарын ерөнхийлөгчийн сонгуульд ихээхэн нөлөө үзүүлнэ. Сүүлийн 20 жилийн дотор анх удаагаа парламентын болон ерөнхийлөгчийн сонгууль нэг жилийн дотор давхцаж байна.
Сонгуулийн гол өрсөлдөөн эрх баригч консерватив “Сэнури” нам ба сөрөг хүчний Нэгдсэн ардчилсан намуудын хооронд явагдаж байгаа юм. Мягмар гаригт “Сэнури” намын лидер Пак Гын Хэ сонгогчдод хандан өөрийн намын төлөө санал өгөхийг уриалаад либерал сөрөг хүчин засаг авбал улс орны буруу замаар хөтлөнө гэж сануулсан байв. АНУ-тай байгуулсан чөлөөт худалдааны гэрээг эргэн харах мөн Чежудо арал дээр цэргийн бааз босгохыг эргэн харна гэснийх нь төлөө Пак Гын Хэ сөрөг намыг шүүмжилжээ.
Хан Мён Сокын толгойлсон Нэгдсэн ардчилсан нам өөрийн ээлжинд энэ сонгууль бол эрх баригч нам ба ерөнхийлөгч Ли Мён Бакад итгэл үзүүлэх үү гэсэн бүх нийтийн санал асуулга гэжээ. Ерөнхийлөгч 2008 оноос хойш улс орныг удирдаж байгаа хугацаанд бизнесийг дэмжсэн бодлого явуулсаны улмаас баян хоосны ялаа улам ихэслээ гэж сөрөг хүчин шүүмжилж байгаа. Либерал сөрөг хүчин залуучуудын дунд дэмжлэгтэй бол ахмад үеийнхэн эрх баригч намыг дэмжиж байна гэж Ренхап агентлаг мэдээлжээ. Сонгуулийн дүн маргааш гэхэд гарсан байна.