Цагдаагийн экс удирдлагуудыг шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Учир нь өмгөөлөгчид нь тэднийг өмгөөлөхөөс татгалзсан юм. ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжаар уржигдар орой баривчилсан. Түүнийг “Цагдан хорих 461 дүгээр ангид болсон шүүх хурлын үер танхимыг орхин гарч шүүх ажиллагаанд саад учруулсан” хэмээн буруутгаж түр саатуулсан. Гэтэл өчигдөр 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн шүүхээс мөн адил захирамж гарч Т.Мөнхдэлгэр өмгөөлөгчийг хорилоо. “Экс удирдлагуудыг шүүх ээлжит хурал энэ сарын 16-нд болно” хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Мөн Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүгдэгчдэд өмгөөлөгчдийн нэрийн жагсаалттай цаас өгч “Эндээс өмгөөлөгчөө сонго” хэмээн тулгасан тухай мэдээлэл ч байгаа. Энэ талаар Монголын өмгөөлөгчдийн холбооноос асуухад “Шүүх шүүгдэгчдийг өмгөөлөгчөөр хангах үүрэгтэй. Шүүгдэгчид ч мөн адил өмгөөлөгчөө сонгох эрхтэй. Гэвч өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг шүүгдэгчдэд үзүүлсэн гэх мэдээллийг ойлгохгүй байна. Монголын өмгөөлөгчдийн холбоо тэрхүү нэрсийг гаргаж өгдөг байхад тэр юун нэрс болохыг мэдэхгүй байна” хэмээсэн юм. Тэгэхээр шүүгдэгчид өмгөөлөгчөө сонгоогүй учраас шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй байна.
Ж.БАТТУУЛ