Ц.Нямдорж сайд аа, цаана чинь

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж сайд аа, цаана чинь

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ойрд үндсэн ажлаа мартав бололтой. Тэрбээр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулгатай төмөр замын гэрээний талаар мэтгэлцэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтцэд анхаарал хандуулах болсон. Түүний энэ үйлдэл нь сонгууль угтсан элдэв хов ярианы шинжтэй болж эхэллээ. Харин үүнийг Ц.Нямдорж хүлээн зөвшөөрөхгүйгээр үл барам “Намайг зогсоох арга бол аминд минь халдах” гэж мэдэгдэж сууна. Хэвлэл мэдээллийнхний хараанаас мултрахгүй байгаа нь улстөрч Ц.Нямдоржид таатай хэрэг. Учир нь сонгууль дөхөж байгаа энэ үед үүн шиг сайн зүйл гэж үгүй. Уг нь тэрбээр энэ хэрүүл маргаанд үрэх алтан цагаа ажилдаа зарцуулбал дээрсэн. Өнөөдөр эрүүгийн нөхцөл байдал нийслэл төдийгүй орон нутагт ч хүндэрчээ. Нийслэлд гэхэд өнгөрсөн амралтын өдрүүдэд хүний амь насыг санаатайгаар бүрэлгэсэн хоёр, дээрэм, зам тээврийн осол, зөрчлийн 221 гэмт хэрэг гарсан байна. Мөн золгүй байдлаар нийт 22 хүн нас баржээ. Үүгээр ч зогсохгүй хүү нь ээжийгээ хөнөөсөн аймшигт хэрэг гарав. Гэгээн цагаан өдөр нөхөр нь эхнэрээ гудамжинд хөнөөлөө. Энэ мэт гэмт хэрэг газар авч, олон нийтийг түгшээж байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд шаргал ордонд тулга тойрсон хэрүүл хийн суух ч гэж. Ц.Нямдорж сайд аа, салбарын ажлаасаа сатаарах хэрэггүй шүү. Улс оронд эрүүгийн хэргийн тоо, гаралт нэмэгдлээ. Аюул дагуулж эхлэв. Тиймээс Х.Баттулга гишүүний төмөр замын нууц гэгдэх гэрээний талаарх хэрүүлээ зогсоож, ажилдаа анхаарал хандуулаач. Цаана чинь  болохоо байлаа.

Ц.ЭНХЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж