Шинэ озэки гуравдугаар сарын шилдэг нь

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Шинэ озэки гуравдугаар сарын шилдэг нь

Монголын үндэсний олимпийн хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн жилийн аравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Манай шалгаруулалтад өнгөрсөн сараас эхлэн МҮОХ-ны Алтан түнш “Рио Тинто” компани хамтран ажиллах болсон билээ.

Тэгвэл 2012 оны гуравдугаар сарын шилдэг тамирчнаар мэргэжлийн сумогийн озэки Какүрюү М.Ананд тодорлоо. Тэрбээр өнгөрсөн сард Осака хотноо болсон харү башёд 13-2 амжилтаар аваргын төлөө сүүлчийн өдөр хүртэл тэмцэж, Монгол Улсаас тодорсон дөрөв дэх озэки болсон бахдам амжилтыг үзүүлсэн билээ. Тэрбээр нийт 45 хувийн санал цуглуулсан байна.

Харин хоёрдугаар байрт анх удаагаа паралимпийн төрлийн тамирчдаас энэхүү шалгаруулалтад нэр дэвшсэн пара зээрэнцэг шидэлтийн тамирчин С.Баярнаран 15 хувийн саналаар тодорсон юм.

Энэхүү шалгаруулалтад хоёр дахь удаагаа нэр дэвшсэн, мэргэжлийн сумогийн харү башёд 22 дахиа түрүүлж, их аварга Таконаханагийн амжилттай зэрэгцсэн их аварга Хакухо М.Даваажаргал, боксын Азийн аварга Э.Уянга, Т.Болортуул, олимпийн эрхээ нэгэнт халааслаад буй У.Мөнх-Эрдэнэ нар удаалжээ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж