Ардчилсан намынхны тухайд Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурлыг ч товлоогүй байна. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь ирэх долоо хоногт орон нутгаас ирснийхээ дараа гишүүдтэйгээ ҮЗХ-гоо хэзээ хуралдуулах эсэхээ ярилцах аж. Тус намынхан нэр дэвшихээр горилж буй гишүүдээсээ 50 сая төгрөгийг татвар нэрээр авсан. Намын удирдлагууд нь зарим гишүүний эсэргүүцэлтэй тулгарсан ч үл тоон “Татвараа төлөөгүй нь нэр дэвшихгүй” гэх зарчмыг баримталсаар байгаа юм. Гэхдээ 50 сая төгрөгийн татварыг төлөөгүй ч нэр дэвших боломж бий. Энэ нь Ардчилсан намын даргын зүгээс хэн нэгнийг нэр дэвшүүлэхээр санал болгох юм. Намд нь шинээр элсэж, нэр дэвшиж ялах магадлалтай хүн, гадаадад амьдарч байгаад ирсэн ч юм уу янз бүрийн шалтгаанаар татвараа төлөөгүй гишүүдийг Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаараа хэлэлцэж байж эцсийн шийдвэр гаргах аж. Өөрөөр хэлбэл, ямар учраас 50 сая төгрөгөө төлөөгүй болохыг нь сонсоно гэсэн үг. Харин тус намд тойргоо булаацалдах маргаан үүсэхгүй байгаа гэнэ лээ. Тойрог нь хүрэлцэж байгаа учир эв зүйгээр асуудлыг шийдвэрлэж байгаагаа намын гишүүд нь хэлж байсан юм. Ардчилсан намын зүгээс цоо шинэ хүнийг олон таниулахаас илүүтэй хууччуудаа нэр дэвшүүлэхийг илүүд үзэж буй. Гэхдээ тухайн хүнийг нэр дэвших гэж буй тойргийн сонгогчид нь хэр сайн таньж байна, сонгогдох боломжтой гэдгийг нь юун түрүүнд харах нь тодорхой болов уу.
Бусдаас юугаараа дутах вэ гэсэн шиг МАХН-ынхан аймаг, дүүрэг бүрт салбар хуралдаан хийж байгаа. Энэхүү хуралдаанаараа Монголоо аврах таван хувьсгалыг танилцуулж буй. Мөн ирэх сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ бараг тодруулчихсан сураг дуулдсан. Энэ сарын сүүлчээр ард түмний их хуралдайг хийн салбар хуралдаанаар гарсан шийдвэрийг батлах эсэхийг хэлэлцэх аж. Түүнчлэн орон нутгийн төлөөлөгч сонгох журмаа батлах юм байна. Сүхбаатар дүүргийн салбар хуралдааныг хийсний дараа ард түмний их хуралдайгаа хэдийд хийхээ зөвшилцөх гэнэ. УИХ-ын гишүүдийг багагүй сандаргаад байсан МАХН-ын дарга Н.Энхбаярын “Хар ном” удахгүй хэвлэгдэх тухай намын Ерөнхий нарын бичгийн дарга Н.Удвал хэлсэн. Ямартай ч ард түмний их хуралдайнхаа үеэр “Хар ном” гаргаж, Өрсөлдөгчдөдөө гэнэтийн бэлэг барьж мэдэх нь.
"Улс төрийн тойм" сонин