Өөрийнхөө төлөө “үгүй” гэж хэлж сурцгаая!

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Өөрийнхөө төлөө “үгүй” гэж хэлж сурцгаая!

Мөрөөдөлдөө,  зүрх сэтгэлдээ “ЗА” гэж хэлж сурснаар ирээдүйн зорилгод үл нийцэх зүйлүүдэд “ҮГҮЙ” гэж хэлж сурдаг.

Би урьд нь хүнд үгүй гэж хэлж чаддаггүй байсан. Яагаад гэвэл үгүй гэж хэлснээр бусдыг гомдоочихно, үгүй гэж хэлснээр хүмүүс намайг амиа хичээсэн гэж бодно гэж бодоод үргэлж за гэдэг байсан.

Тодруулбал: Хэрэв бусад намайг хүнд тусархуу сайн хүн гэж хэлбэл би өөрийгөө хүнд тусархуу сайн хүн юм байна, хэрэв бусад намайг онцгүй амиа хичээсэн хүн гэж хэлбэл би амиа хичээсэн муу хүн юм байна гэж боддог байсан учраас за гэж хэлэх нь зөв гэдгийг өөртөө үргэлж хэлж байсан. Үүний хор уршиг гэвэл би өөрийнхөөрөө хэзээ ч байж чадахгүй, өөрийнхөө бодол санааг хэзээ ч илэрхийлж чадахгүй, бусдад за гэж хэлдэг мөртлөө өөртөө за гэж хэлж чадахаан больсон байх жишээтэй. Харин өөрийгөө хөгжүүлж, боловсруулах аянд гарч эхэлснээр бүх зүйлд “ЗА” гэж хэлэх нь үнэхээр боломжгүй юм байна гэдгийг мэдэж авсан учраас үүнийгээ та бүхэнтэйгээ хуваалцах хүсэлэй байна.

Үгүй гэж хэлэх тийм амар биш, гэхдээ өөрийнхөө мөрөөдлийг өөртөө сануулж, түүнийгээ бодит болгохын тулд юуг урьтал болгон хийх ёстой гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд, мөн түүнд зарцуулах хугацааг тооцож үзэхэд өөрийн эрхгүй “ҮГҮЙ” гэдэг үгийг хэлж эхэлдэг.

Мэдээж  биднийг уруу татах олон сайхан, чамин, хөгжилтэй, зугаатай гэж үзэх зүйлүүд амьдралд байнга гарч ирж бидний анхаарлыг сарниулахад хүргэдэг ч, бид яг юу хүсч байна, юу хүсч байгаагаа яагаад хүсч байна гэдгээ мэдээд, тодорхой болгосон тохиолдолд эдгээр зүйлсд ч гэсэн мөн ялгаагүй үгүй гэж зоригтойгоор хэлж сурдаг.

Хэрвээ та над шиг “ҮГҮЙ” гэж хэлж чаддаггүй хүмүүсийн нэг бол би өнөөдөр юу хэлмээр байна вэ гэвэл “Бид алийн болгон өөрсдийн мөрөөдөл, өөрсдийн амжилтыг хойшлуулах вэ? Тиймээс өнөөдрөөс эхлээд хойшлуулахаа зогсооё! Өөрийнхөө төлөө ҮГҮЙ гэж зоригтойгоор хэлж сурцгаая!

Амиа хичээж байгаадаа үгүй гэж хэлж байгаа юм биш, бусад юм надад огт хамаагүй гэж бодож байгаадаа үгүй гэж хэлж байгаа юм биш, өөрийн мөрөөдлийг бодит болгохын тулд хийх ёстой бүхнийгээ хийхийн тулд “ҮГҮЙ” гэдгийг хэлж байна!


Та өнөөдөр юунд үгүй гэж хэлж байна вэ?

АМЖИЛТЫН ТАРНИ: Би өөрийнхөө төлөө зоригтойгоор ҮГҮЙ гэж хэлж байна!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж