Ургамлын тоосны харшлын талаар зөвлөлдлөө | News.MN

Ургамлын тоосны харшлын талаар зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Ургамлын тоосны харшлын талаар зөвлөлдлөө

Дэлхийн нийт хүн амын 30 гаруй хувь нь ямар нэгэн харшлын гаралтай өвчинд шаналдаг бол тэдгээрийн 24-өөс 30 хувь нь ургамлын тоосноос харшдаг байна. 2020 он гэхэд нийт хүн амын 50 хувь нь ийм өвчин тусах магадлал бий аж. Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар манай таван хүн тутмын нэг нь ямар нэгэн харшилтай гэж гарчээ. Тэр дундаа шарилж, луулийн төрлийн цэцгийн тоос ийм өвчтэй хүмүүсийг дулааны улиралд ихээхэн зовоодог байна. Улсын хэмжээнд жилд 700-гаас 1000 хүн ийм өвчтөний түүхэнд нэрээ шинээр бичүүлдэг аж.
Нийслэлд 219 төрлийн ургамал ургадгаас харшил үүсгэдэг 33 төрөл зүйл байдаг гэнэ. Сүүлд хийсэн судалгаагаар 10 жилийн хугацаанд сургуулийн насны хүүхдийн харшлын гаралтай өвчнөөр өвдөх тохиолдол 1,3 дахин нэмэгджээ. Эдгээр асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, ургамлын тоосны харшилт өвчнийг бууруулах, салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулах зорилго бүхий зөвлөлдөх уулзалтыг НЗДТГ, Нийслэлийн эрүүл мэндийн газраас хамтран зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын гишүүд, мэргэшсэн эмч судлаачид, биологч, НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцож, саналуудаа нэгтгэн, мэдээлэл солилцлоо.
Нийслэлийн нэг иргэнд ногдох ногоон байгууламж хэт багассан, барилга ихээр баригдаж, авто машин хэт олширсон зэрэг шалтгаанаар тоосжилт зөвшөөрөгдөх хэмжээнээсээ хэт өсчихөөд байгаа ба өвчлөлийн энэ төрлөөр нарийн мэргэшсэн эмчийн хүрэлцээ муу, нарийвчилсан шинжилгээ авдаг лаборатори дутмаг, нэгэнт өвчилсөн хүнд хийж буй эмчилгээний үр дүн тааруу зэрэг асуудлаар зөвлөлгөөнд оролцогчид санал солилцсон. Тэд олон нийт болон шийдвэр гаргагчдад энэ талын мэдээлэл өгөх, тулгамдаад байгаа асуудлаар хэрхэн хамтран шийдвэрлэх талаар ийн зөвлөлдлөө.

Л.ХАЛИУ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

oilgosongui 2010-05-06 58.7.66.174

Urgamliin toosnii kharshliin tukhai yarij baikhad yagaad urgamliin tosnii zurag tavisan yum bol

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж