найрамдах Ардчилсан Солонгос ард улс. Товчхондоо энэхүү улсыг дэлхий
нийт хаалттай, амьдрал хэцүү, коммунизм тогтсон цөмийн пуужинтай
“өлсгөлөн” орон хэмээн төсөөлдөг. Зарим нь ч үнэн. БНАСАУ-ын эрх
баригчид дэлхийн 19 орны 60 гаруй сэтгүүлчдэд томоохон боломж
олгосон. Мөнхийн удирдагч асан Ким Ир Сены мэндэлсний 100 жилийн ойд
зориулан хиймэл дагуул хөөргөх гэж буй үйл явдлыг дэлхий даяар шууд
дамжуулах эрх нээгдсэн. Коммунист дэглэмтэй тус оронд нэвтэрч
сурвалжлага хийх боломж төдийлөн олдохгүй. Пуужин хөөрөх тухай
мэдээллийн дагуу Азийн гурван авиа компани нислэгээ түр зогсоогоод
байгаа. Мөн хиймэл дагуулыг хөөргөх эцсийн хугацааг 12-14-ний хооронд
гэж таамаглаж байгаа.
НҮБ-аас энэ тал дээр онцгой анхаарал
тавьж байна. Тэд “Хэрэв БНАСАУ хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр цөмийн
пуужин туршвал олон улсад хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзнэ” гэсэн байр
суурийг илэрхийлэв. Мөн НҮБ-ийн Аюулгүйн зөвлөл цөмийн салбарт үйл
ажиллагаа явуулахыг зогсоох талаар сануулга албан бичиг Пхеньянд
хүргүүлжээ. Энэ үед Япон байлдааны бэлэн байдал зарлав. Тэд умардын
хөөргөх гэж буй пуужинг устгах амлалтаасаа буцахгүй гэдгээ дахин
мэдэгдэж Окинава мужын “Эх оронч” хэмээн пуужин сөнөөх дөрвөн цогцолбор
болон Тэнгисийн цэргийн флотоо байлдааны бэлэн байдалд орууллаа.
Япончууд Өмнөд Солонгосын тагнуулчдын мэдээллийн дагуу ийнхүү хөдөлж
байгаа нь нууц биш. Умардын Хамген-Пукто муж дахь Пангири районд
цөмийн гурав дахь туршилтын бэлтгэл ажлыг нууцаар хийж байгаа нь хиймэл
дагуулаас ажиглагджээ. Тухайн бүс нутагт их хэмжээний элс, шороо
овоолсноос шинэ хонгил, цөмийн туршилт хийх магадлал өндөр гэдгийг
онцолжээ.
Нөгөө талаас БНАСАУ-ын пуужинг хөөргөх үйл
ажиллагааны ерөнхий зохицуулагч Жан Мёнг Жин мэдээлэл хийж. Тэрбээр
“Манай улс дэлхийн энх тайванг эрхэмлэнэ. Тиймдээ ч бусад орны адил
энхийн зориулалттай хиймэл дагуул хөөргөж эх дэлхийгээ судлах цаг
иржээ. Уг пуужин хөөргөх ажиллагаанд ямар нэг цөмийн туршилт хийх гэсэн
далд санаа байхгүй гэдгийг онцолмоор байна” хэмээжээ. Тус улс нь өмнө нь
2006, 2009 онуудад цөмийн туршилт хийж байсан бөгөөд НҮБ болон томоохон
гүрнүүдээс багагүй шүүмжлэл хүртсэн. Өнгөрсөн 2009 онд цөмийн
туршилтаар үед хөөргөсөн пуужин нь 3800 км буюу Япон улсыг давах хүчин
чадалтай байж. Харин энэ удаагийн пуужин АНУ-ын Аляска хүрэх хүчин
чадалтай сайжруулсан пуужин гэдгийг АНУ болон Өмнөд Солонгосын эрдэмтэд
онцлов. Уг пуужинг шинжсэн олон улсын шинжээчдийн үзэж буйгаар энэ
удаагийн хиймэл дагуулын пуужин ямар ч зэвсгийн сэдэлтэй, цөмийн гэх
шинж тэмдэггүй байсан аж.
Умард
Солонгосын их удирдагч Ким Чен Ир таалал төгссөнөөс хойш түүний
залгамжлагч, залуу удирдагч Ким Чен Ун хөрш зэргэлдээх улс орнууд болон
олон улсын хамтын нийгэмлэгтэй хэрхэн харилцахыг олон улс анхааралтай
ажиглаж байна. Өнгөлөн далдлалт хийж тэд цөмийн ээлжит туршилт явуулах
гэж байгаа гэдгийг АНУ-ын зүгээс мэдэгдсэн. Талууд байлдааны бэлэн
байдал зарлахад бэлэн гэдгийг ч CNN агентлаг онцолсон.
BBC
агентлагийн мэдээлж буйгаар БНАСАУ хөөргөх гэж пуужинг бүрэн
байрлуулсан талаар онцолсон байна. Хиймэл дагуул зөөвөрлөх “Unha-3”
пуужинг БНХАУ-ын хилээс 50 гаруй километрийн зайд байрлах “Sohae”
нэртэй тавцангаас хөөргөхөөр болсон аж. Япон, Өмнөд Солонгосын зүгээс
хиймэл дагуул ч бай, пуужин ч бай замаас нь устгах талаар мэдэгдсэн ч
энэ нь олон улсын сансар судлалын эрхийг зөрчих үйлдэл гэдгийг албаныхан
тодотгосон билээ.
Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг “БНАСАУ
гурав дахь удаагаа цөмийн газар доорх туршилт явуулах гэж байна. Пуужин
хөөрөх өдрийн тов гараагүй байгаа. Ямартай ч энэ долоо хоногт хөөргөх
байх гэсэн таамаг бидэнд бий. Тиймээс олон улсын Аюулгүйн зөвлөл байнга
цахим хурал хийж нөхцөл байдлын талаар болгоомжтой хандаж байгаа”
хэмээн уламжилсан аж.
Ким Чен Ирийг таалал төгссөнөөс хойш Хойд
Солонгос олон улстай дипломат харилцаагаа сайжруулахыг хичээж байгаа
боловч хиймэл дагуулын пуужин үүнд саад болж эхлэв бололтой. “Мөнхийн
удирдагч”-ийг таалал төгссөний дараа Ким Чен Ун АНУ-тай хэлэлцээр хийж,
хүнсний туслалцаа авахаар болоод байсан. Гэвч дээрх хэлэлцээний дараа
Пхеньян их удирдагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулж
хиймэл дагуулын пуужин хөөргөхөө мэдэгдсэн нь хэлэлцээг цуцалж
болзошгүй байдалд хүргэсэн аж.
Умард
Солонгос дэлхий орчмын тойрог замд хиймэл дагуул хөөргөнө гэж
мэдэгдсэн нь олон улсын зүгээс ихээхэн дургүйцэл төрүүлж бас айдас
дагуулсан. “Хиймэл дагуул хөөргөх халхавчийн дор баллистик пуужингийн
туршилт хийж байна гэх сэжигтэй энэ үйлдэл нь НҮБ-ын гишүүн орнуудын
заавал биелүүлэх үүргийг зөрчсөн болно” хэмээн хамтын нийгэмлэг үзсэн
юм. Тухайн үед “Умардыг хиймэл дагуулын нислэг хийх юм бол Вашингтоноос
хүмүүнлэгийн тусламж болгон өгч байсан 240 мянган тонн хүнсний тусламжаа
зогсооход хүргэнэ” гэсэн сануулга өгч байсан удаатай. Пуужинг
хөөргөсний дараа зарим орны зүгээс Хойд Солонгост хориг арга хэмжээ авч
магадгүй нөхцөл байдал үүсээд байна.
Ямартай ч дэлхий нийт Умард
Солонгосын хиймэл дагуулыг ажиглах л үлдлээ. АНУ тэргүүтэй холбоотон
орнуудын нөхцөл байдал сандралтын байдалтай байгаа талаар ОХУ-ын Гадаад
хэргийн сайд Александр Лукашевич “Риа Новости” агентлагт өгсөн
ярилцлагадаа онцолжээ.
"Улс төрийн тойм" сонин