Б.Түвшинбат олимпийн 14 дэх эрхийг авлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Б.Түвшинбат олимпийн 14 дэх эрхийг авлаа

Казахстаны нийслэл Астана хотноо “Лондон-2012” зуны олимпийн наадмын эрх олгох Ази тивийн боксчдын тэмцээнээс Монголын хоёр дахь тамирчин олимпийн эрхээ авлаа. Өчигдөр болсон хагас шигшээ тулаанд 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат Бээжингийн олимпийн хүрэл медальт, БНСУ-ын тамирчин Ким Жун-Вонтой тоглож, 29:17 (12:6; 5:6; 12:5) харьцаатай өрсөлдөгчөө буулган авснаар мөнгөн медалийн болзол хангаж, Лондонг зорих эрхтэй болсон юм. Тэрбээр өнөөдөр аваргын төлөө БНХАУ-ын тамирчин Чьён Майматите Рсунтай тоглоно.

Мөн 52 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаснаар олимпийн эрхээ өвөртлөөд байсан Гавьяат тамирчин Н.Төгсцогт өчигдөр мөнгөн медалийн төлөөх тулаанд Японы тамирчин Кацүаки Сусаг 14:6 (4:2; 5:3; 5:1) харьцаатай буулган авчээ. Өнөөдөр алтан медалийн төлөө рингний эзэн орны тамирчин Ильяс Сулейменовтой тоглоно.

Ийнхүү боксын төрөлд Лондонгийн олимпийн эрх олгох хамгийн сүүлийн тэмцээнээс Монголын ширэн бээлийтнүүд хоёр эрх авснаар ирэх зуны олимпийг дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй зорих болж байна. Өнгөрсөн жил Азербайжаны Баку хотноо болсон ДАШТ-ээс 49 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, 64 кг-ын жинд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар эрхээ авсан билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж