Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Өнөө цагийн суутан

Өөр хоорондоо дахин давтагдашгүй олон арван уран сайхны киног хөгжим хэмээх нэгэн гайхалтай зүйлээр бүрэлдүүлж, дүрс, хөгжим хоёрыг нийлүүлэн олонд хүргэдэг хүн бол Ханс Зиммер. Түүний оюун ухаанаас гарах хөгжмийг  тааварлахад тун бэрх. Зарим хөгжим нь хүнийг өөрийн эрхгүй баярлуулахаар, зарим нь хурдан хэмнэлээр зүрхэнд хүрч байхад өөр нэг нь сэтгэлийг эрхгүй уйтгарт автуулж, заримдаа нулимс дуслуулах шидтэй. Ханс Зиммер “Би нэгэн адил хөгжмөөр бөмбөгдөхийг хүсдэг сул дорой нэгэн биш” гэж Эдвин Блекийн эрхлэн гаргадаг “Film score monthly” сайтад ярьж байсан удаатай. “Би адал явдалт, драмын, инээдмийн, уран зөгнөлт гээд бүх төрлийн киноны хөгжим бичиж чадна. Эцсийн эцэст тухайн найруулагчийн кино надад таалагдаж, миний сэтгэлийг хөдөлгөж байвал би энэ бүгдийг хийж чадна” гэж ч хэлж байв. Түүний энэ үг мэдэхгүй хүнд хэтэрхий онгироо мэт санагдах боловч бүтээлийг нь сонсоод бодлоосоо буцах нь гарцаагүй гэдэгт итгэлтэй байна. 

Ханс Зиммер 30 гаруй жилийн өмнөөс хөгжмийн ертөнцтэй амьдралаа холбожээ. Одоо тэрээр 80 гаруй киноны хөгжим, 40 гаруй сьют, хөгжмийн найруулал биччихээд байна. Удахгүй нээлтээ хийх шинэ кинонуудын хөгжмийг бичээд тэр одоо ч завгүй суугаа.

1970-аад онд киноны хөгжим нэгэн хэвийн болоод байжээ. Улиг болсон төгөлдөр хуур, банзан гитар, банжо гээд л… Угтаа киноны техник хэрэгсэл нь шинэчлэгдээд, кино урлаг улам боловсронгуй болоод байхад хөгжим нь нэг л байрандаа байсан хэрэг. 1970 оны сүүлээр поп урлагт шинэ урсгал, чиглэлүүд төрөн гарч, хөгжим бичихэд шинэ технологиуд ч нэвтэрч эхлэсэн байна. Барууны хэвлэлүүд энэ үеийг “поп артын шинэ эрин” гэж бичиж байсан удаатай. Энэ шинэчлэлтийн цаг мөчид киноны хөгжим ч ялгаагүй үүнийг даган хөгжих хэрэгтэй болсон хэрэг. Киноны хөгжим хэмээх нэгэн урсгал чиглэлд Ханс Зиммерээр тэргүүлүүлсэн шинэ үе хүч түрэн гарч ирэн кино урлагийг басхүү шинэ шатанд авчирсан юм. 1988 онд дэлгэцэнд гарсан “Борооны хүн” киноны хөгжим шүүмжлэгчдийг ангайлгаж байлаа. Цахилгаан гитар, бөмбөр, басс гитар, төгөлдөр хуурыг хооронд нь холбон найруулж, шинэ хэв маягт хүргэсэн нь хөгжим судлаачид болон кино судлаачдын хүндэтгэлийг хүлээсэн юм. Ихээхэн амжилт дагуулсан жилийнхээ дараа “Хатагтай Дейзигийн жолооч”/1989/, “Телма, Люиз хоёр”/1991/ зэрэг киноны хөгжмийг бичиж мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж чадсан юм. Чухам энэ цагаас эхлэн Холливудад  өөрийн эзлэх байр сууриа бататган, олон арван найруулагчид түүгээр хөгжмөө бичүүлэхийг хүсэх болжээ.

Германы Франкфурт хотод 1957 оны есдүгээр сарын 17-нд жирийн ажилчны гэрт нэгэн хүү мэндэлжээ. Энэ бол хожим хойно дэлхийн алдартай хөгжийн зохиолч болох ерөөлтэй Ханс Флориан Зиммер байлаа. Зиммер 2 настайгаасаа л хөгжимд маш их сонирхолтой байжээ. Гурван настайгаасаа төгөлдөр хуур тоглож эхэлсэн бөгөөд дөрвөн настайгаас нь эхлэн долоо хоногт хоёр удаа хөгжмийн хичээлд суулгадаг байсан гэдэг. Зиммер зургаан нас хүрдэг жилдээ хөгжим зохиох хүсэлд хөтлөгдөж, гэр бүлийнхнийгээ баярлуулахыг хичээж эхэлжээ. Их хүсэлдээ хөтлөгдсөн түүнийг энэ хорвоогийн зовлон тойрсонгүй. Зургаан настай байхад нь түүний аав хорвоог орхисон аж. “Бяцхан жаал байхад минь аав минь хорвоог орхисон. Үнэхээр хэцүү байсан. Энэ хүнд цаг үед надад хөгжимнөөс өөр юу ч хань болж байгаагүй. Хөгжмөөр л би сэтгэлээ тайтгаруулдаг байлаа” гэж 2006 онд CNN-д өгсөн ярилцлагадаа дурсжээ.

Хөгжмийн ертөнцөд хөл тавьсан нь

Ханс Зиммерийг 14 настай байхад гэр бүлийнхэн нь Англи улс руу нүүжээ. Аав, ээжийнхээ ажлын шаардлагаар бага насандаа Зиммер маш олон удаа сургуулиа сольсон гэдэг. Гэсэн хэдий ч тэр сурлагаараа бусдаас хоцролгүйгээр сайн сурдаг байжээ. Гэхдээ энэ бүх цаг үед түүнтэй хамт байсан зүйл нь хөгжим. Сургууль төгсөх жилээсээ эхлэн тэрээр хөгжимд тун их хорхойсох болж, орон нутгийн жижиг хамтлагуудад даралтат хөгжим тоглож байлаа. 1979 онд түүнийг дөнгөж нэгдээд байсан The Buggles хамтлаг даралтат хөгжимчнөөр ажиллах санал тавьсан ажээ. Зиммер нэг их бодолгүйгээр саналыг зөвшөөрч хамтлагд нэгдсэн юм. Түүнийг хамтлагийн гишүүн болсоны дараа “Video killed a radio star” гэх дуу нь гарч Их Британид нэлээд шуугиан тариад амжжээ. 1981 онд анх удаа дэлгэцээр цацагдсанаасаа хойш дэлхийн бүх цаг үеийн шилдэг клипийн тоонд энэ дууны клип орсон байна. Энэхүү клипэд Ханс Зиммер гардаг нь түүний дэлгэцэнд гарсан эхний бөгөөд эцсийн клип юм. Түүний хамтлаг Их Британийг шуугиулж амжилтанд хүрээд байх мөчид Ханс Зиммер хамтлагаасаа гарахаар шийджээ. “Надад The Buggles-ийн тоглодог чиглэл таалагдаагүй. Нэгэн хэвийн байдалд дургүй учраас би хамтлагаасаа гарах шийдвэр гаргасан. Энэ шийдвэртээ би огтхон ч харамсч байгаагүй” гэж Зиммер хожим нь ярьсан юм.

The Buggles хамтлагаас гараад удаагүй байхдаа тэрээр Стенли Майрстай хамт ажиллах болжээ. Түүний зохиох киноны хөгжимд туслах хөгжимчнөөр ажиллан киноны хөгжимтэй амьдралаа холбох гараагаа эхэлжээ. Чухам энэ цаг мөчөөс эхлэн Стенлигээс киноны хөгжим зохиох арга, ур чадварыг эзэмшин, суралцсан гэдэг. “Анх түүний туслах болж очиж байсан өдрөө мартдаггүй юм. Тэр надад санаануудаа бич гээд баахан цаас өгсөн. Би их гайхаж билээ. Тэгээд удалгүй өрөөндөө дуудаад чиний энэ хэсгийг чинь ингэж бүтээлдээ орууллаа. Үүнийг чинь ингээд хийе гээд л хэлж байж билээ. Үүнээс хойш Стенлитэй саналаа солилцож хамт хөгжим бичдэг болсон. Намайг залуу гэж гололгүй надад маш том боломж өгсөн хүн бол зөвхөн тэр” гэж Зиммер дурссан байна. Зиммер түүнтэй хамт маш олон кинонд хамтран ажиллажээ. Шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, үзэгчдийн талархалыг хүлээсэн “Сарны туяа”, “Гэрэл”, “Миний үзэсгэлэнт Лондрит” зэрэг киног дурьдах хэрэгтэй.

1986 онд тэрээр бие даасан уран бүтээл хийж, албан ёсоор хүмүүстэй хамтран ажиллаж эхэлсэн гэхэд болно. Түүний хөгжмийн найруулгыг нь удирдаж хийсэн эхний кино бол “Вардо” хэмээх кино юм. Кино хэдийгээр тийм ч их амжилтанд хүрч чадаагүй ч хөгжмийн найруулгын хувьд давгүй болсон гэдгийг Их Британийн хөгжим шүүмжлэгчид нэгэн дуугаар хэлж байлаа. Дараа жил нь түүнд “Сүүлчийн эзэн хаан” киноны хөгжмийн зохиолч Рюичи Сакамото санал тавьж хөгжмийн найруулгыг удирдан явуулах саналыг тавьжээ. Энэ кино дэлхий нийтийг шуугиулж, үүнийхээ хажуугаар Зиммерийн нэр хүндийг ч өндөрт өргөсөн байна. Удалгүй Холливудаас хөгжмийн зохиол бичүүлэх анхны санал ирлээ. “Давхар цохилт” киноны багийнхан түүнд санал тавьж тэрээр киноны хөгжим бичихийг зөвшөөрсөн аж. Кино тийм ч их амжилтыг дагуулаагүй ч Холливудад түүнийг сонирхогчдын хүрээллийг нэмэхэд асар их нөлөө үзүүлсэн кино нь “Давхар цохилт” болсон юм. Дараа жил нь түүнд “Борооны хүн” киноны багийнхан хамтран ажиллах санал тавьжээ. Ханс Зиммерийг Холливудад тодотгож, дэлхийд таниулсан анхны бүтээл нь энэ байлаа. “Киноны хөгжим үнэхээр гайхалтай. Урьд хожид би ийм хөгжим сонсч байгаагүй юм байна. Хамгийн хачирхалтай нь киноны кадр болгон, жүжигчдийн хэлэх үг болгонтой ая дан нь төгс цохихож байлаа” гэж Нью-Йорк таймс сонины 1990 оны аравдугаар сарын 23-ны дугаарт бичсэн байдаг. 1989 онд тэрээр “Борооны хүн” киноны хөгжмөөрөө Академий шагнал гардуулах ёслолын шилдэг киноны хөгжим номинацид нэр дэвшсэн юм.

1989 оны дундуур түүнд “Хатагтай Дейзигийн жолооч” киноны багийнхан санал тавьжээ. “Бид маш олон хөгжмийн зохиолчдыг бодож үзсэн. Эннио Мориконе, Жеймс Хорнер гээд л… Тэд үнэхээр домог болсон хүмүүс шүү дээ. Гэхдээ бид нэгэн зэрэг Ханс Зиммер дээр санал нэгдсэн. Тэр залуу, туршлага байхгүй гэж хөндлөнгөөс хүмүүс шүүмжилж байсан ч бид түүнийг сонгосон. Бид алдаагүйг та бүхэн мэднэ шүү дээ” гэж найруулагч Брюс Бресфорд дурсчээ. Ханс Зиммер тухайн үед төгөлдөр хуурыг MSK-20 төхөөрөмжтэй холбон шинэ дуугаралтыг гарган хөгжимдөө ашигласан байна. 2002 онд “Sound on sound” сэтгүүл энэ киноны хөгжмийг шилдэг киноны хөгжим хэмээн нэрлэсэн аж. 1990 онд Ханс Зиммер Оскарын наадамд шилдэг киноны хөгжим номинацид хоёр дахь удаагаа нэр дэвшсэн юм. 

Холливудад гялалзсан нь

Ханс Зиммер Холливудад ирээд удаагүй байхдаа Оскарын шагнал болон Гремми зэрэг маш олон шагналд нэр дэвшин алдартай хөгжмийн зохиолчидтой эн зэрэгцэх болжээ. Түүнийг дэлхий нийтэд таниулж, алдрын оргилд хүргэсэн бүтээл бол “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны хөгжим билээ. Тэрээр энэхүү бүтээлдээ Зимбабве улсын нэгэн омгийн ардын дууг найруулгад оруулан, ашигласан байна. Мөн сонгодог хөгжмийн зэмсгүүдийг ч давхар ашигласан юм. Түүний зохиосон энэхүү бүтээл нь Оскарын алтан баримал, Греммигийн хоёр ч шагнал, Алтан Бөмбөрцөг зэрэг олон арван шагналыг эзэндээ авчирсан билээ. Волт Диснейн түүхэнд байгаагүй бас нэгэн амжилтыг дагуулсан нь дэлхий даяар хамгийн их борлогдсон киноны хөгжим болсон юм. Худалдаанд гарсан даруйдаа дэлхий даяар 12 сая хувь борлогдсон гэсэн судалгаа бий. Өмнө нь Волт Диснейн ямар ч киноны хөгжим ийм олон саяараа борлогдож байгаагүй юм. “Оскарын шагнал гардаад тайзан дээр зогсч байхад үнэхээр сайхан байсан. Магадгүй миний амьдралд цөөхөн тохиолдох дурсамжтай өдрүүдийн нэг байх. Юу ярьсанаа ч би одоо санадаггүй. Миний санаж байгаа ганц зүйл гэвэл би хөгжимд ямар их дуртайгаа л мэдэрч, миний явах ёстой зам бол кино юм байна гэж ойлгосоноо л санадаг” гэж Ханс Зиммер ярьж байсан юм.

Түүнд хоёр дахь Греммигийн шагналыг авчирч Холливудад нэг ёсондоо дархалж чадсан бүтээл нь 1996 онд дэлгэцнээ гарсан “Улаан түрлэг” киноны хөгжим байлаа. Тэрээ 1997 оны Оскарын шагнал гардуулах ёслолд “Номлогчийн эхнэр” киноны хөгжмөөрөө дэвшсэнээр Оскарын наадамд хоёр өөр бүтээлээр нэр дэвшсэн цөөхөн хөгжмийн зохиолчдын нэг болсон юм. Тэрээр дэлхийн олон арван хөгжмийн наадамд нэр дэвшсэн бөгөөд 100 гаруй наадамд нэр дэвшсэн юм.

Түүний энэхүү амжилтыг харгалзан 2008 онд Английн Оксфордын их сургуулиас өнөө цагт амьдарч байгаа 100 суу билэгтэний нэгээр тодруулжээ. Ханс Зиммер нэг Оскарын шагналыг нэг удаа, Алтан бөмбөрцөгийн шагналыг хоёр удаа, Греммигийн шагналыг дөрвөн удаа хүртэж байсан алдартай хөгжмийн зохиолч билээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж