Б.Сарантуяа Казахстанд тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Б.Сарантуяа Казахстанд тоглолтоо хийнэ

МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа 2011 онд “Аргагүй монгол Аялгуу” нэртэй өөрийн тав дахь удаагийн Монгол орноо аялан тойрсон тоглолтоо амжилттай өндөрлөсөн юм. Тэгвэл аялан тоглолтоо үргэлжлүүлэн гадаадад суугаа Монголчууддаа болон Монголын урлагийг сонирхдог гадаадын үзэгчдэд зориулж өөрийн олон сайхан уран бүтээлүүдээсээ толилуулахаар төлөвлөжээ.Энэхүү гадаадын орноор аялан тоглох тоглолтын эхний улс бол Казакстан бөгөөд энэ сарын 21-ний өдөр Казакстан улсын Алмата хотод, 23-нд  Астана хотуудад “Зүүдний говь” нэртэй өөрийн бие даасан аялан тоглолтоо тоглохоор болсон байна. 1993 онд “Азийн дуу хоолой” нэртэй дэлхийн 22 орны дуучид оролцож байсан уралдаанд Монгол орноо төлөөлөн дуучин Б.Сарантуяа оролцож “Гран-при”-н шагналыг хүртэж байсан удаатай. Тэр үед уралдаанд дуулж “Гран-при” шагнал авч байсан “Зүүдний говь” дуугаараа тоглолтыг нэрлэсэн нь утга учиртай ажээ. 19 жилийн дараа Казакстан улсын ард түмэнд хүндэтгэл үзүүлэн,тэнд ажиллаж амьдарч буй Монголчууддаа энэхүү тоглолтоо толилуулахаар болжээ.  Энэхүү тоглолтын зохион байгуулалтад Казакстан улсад суугаа Монгол Улсын бүрэн Эрхт элчин сайдын яам болон “SARAA’S MUSIC PRODUCTION”-ны  хамт олон хамтран зохион байгуулж байгаа юм. Харин ойрын эх сурвалжийн хэлж буйгаар дуучин Б.Сарантуяаг Казахстаны нэгэн нэртэй бизнесмэн өөрийн орондоо тоглолтоо хийхийг урьсан аж. 2011 онд уран бүтээлийн олз омог ихтэй байсан Б.Сарантуяа өөрийн “Аргагүй Монгол Аялгуу” нэртэй этник цомогтоо багтсан монгол үндэстэн ястнуудын олон сайхан дуунуудыг уг тоглолтдоо дуулахаас гадна өөрийн хуучны хит дуу, уран бүтээлүүдээсээ үзэгчдэд толилуулахаар болжээ.

Э.БОЛОРЖИН

Эх сурвалж: http://www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж