Нэг аяга архи тутмаас хоёр доллар авна

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Нэг аяга архи тутмаас хоёр доллар авна

Хэтэрхий их согтууруулах ундааны хэрэглээ Америкийн эдийн засагт жилдээ 200 тэрбум гаруй ам.долларын хохирол авчирдаг гэсэн тооцоог АНУ-ын өвчнөөс сэргийлэх ба хянах төв (CDC) гаргажээ. Тэдний мэдээгээр, уусан нэг шилэн аяга согтууруулах ундаа бүрээс Америк хоёр доллар алддаг аж.

2006 онд л гэхэд АНУ архидалтаас 223,5 тэрбум доллараа алдсан гэнэ. Америкийн эдийн засаг нэг шилэн аягатай согтууруулах ундаа бүрээс бараг хоёр доллараа алдаж байв. Харин 1998 онд 2006 оноос харьцангуй бага буюу 198 тэрбум доллар алдаж байжээ.

АНУ-д эмэгтэй хүний хувьд өдөрт нэгээс илүү, эрэгтэй хүн нь хоёроос илүү аяга  согтууруулах ундаа хэрэглэснийг архидалт гэж тооцдог хэмээн CDC-ийн шинэ судалгаанд өгүүлжээ.

Согтууруулах ундааг хэтэрхий ихээр хэрэглэх нь ихээхэн хор хөнөөлтэйг судлаачид тогтоолоо. Согтууруулах ундааны хэрэглээний улмаас ажлын байранд хөдөлмөрийн бүтээмж 72 хувиар буурч, архидалттай холбоотой өвчний эмчилгээний зардал,  хууль хянэалтын байгууллагын ажилтнуудын цалин хөлстэй холбоотой зардал тус тус 9 хувиар, мөн согтуу жолооч нарын оролцоотой ослын үр дагаварыг арилгахад зургаан хувиар илүү хөрөнгө зарцуулж байна.

Судлаачид архичин хүмүүстэй хамт амьдрагчдын зовлон зүдгүүр зэргийг тусгайлан авч үзээгүй учраас архидалтын хохирол дутуу тоологдож байгаа гэжээ. Гэсэн ч мэргэжилтнүүдийн гаргасан судалгааны дагуу 2006 он гэхэд архи уудаг америк хүн бүр 746 долларын зарлагатай байсан ажээ. Хамгийн их асуудлыг таваас дээш согтууруулах ундаа хэрэглэсэн эрчүүд гаргадаг бөгөөд харин энэ үзүүлэлт нь эмэгтэйчүүдийн хувьд бага зэрэг доогууд дөрвөөс арай илүү байна.

CDC-ийн судалгааны дагуу АНУ-ын насанд хүрсэн хүн амын 15 гаруй хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг ажээ. Архидалт 18-34 насны эрчүүдийн дунд мөн гэр бүлийнх нь орлого 75 мянган доллараас дээш гарсан хүмүүсийн дунд их байгаа гэнэ. АНУ-ын Холбооны засгийн газар ба мужуудын засгийн архидалттай хийсэн тэмцлийн улмаас 94 тэрбум доллараар (нийт хохиролын 42 хувь орчим) эдийн засгийн хохиролыг бууруулж чадсаныг илтгэлд тэмдэглэсэн байна.

Архидалтыг хавтгайруулахгүйн тулд засаг, захиргаа нь согтууруулах ундааны акцизыг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд согтууруулах ундааны градусийг буулгах, архи худалдах цагт хязгаарлалт хийх, насанд хүрээгүй хүмүүсийн согтуугаар үйлдсэн хохирол болон гэмтэл бэртлийн хариуцлагыг үйлдвэрлэгч нарт ноогдуулах хэрэгтэй хэмээн CDC  дүгнэж байна.

АНУ-ын эдийн засаг зөвхөн архидалтаас ч биш америкчуудын илүүдэл жингээс хохирол амсч байна. Таргалалттай америк ажилтнууд эрүүл мэндийн ужиг асуудалтай. Өндөр даралт эсвэл астма зэрэг ужиг өвчнүүдэд үйлдвэрлэгч нарт жилдээ 153 тэрбум долларын алдагдал авчирдаг гэдгийг Gallup төвийн явуулсан олон нийтийн санал асуулга харуулав.

Америкийн ажилчдын 68 гаруй хувь нь жингээсээ үл хамааран наад зах нь нэг ужиг өвчинтэй. Тухайлбал, хамгийн их тархалттай өвчин нь сахарын шижин эсвэл сэтгэлийн дарамт гэнэ. Эрүүл америкчууд нь бүх хүн амын дөнгөж 14 хувиас хэтрэхгүй байна. Тэд өвчний улмаас жилд хамгийн багаар бодоход дөрвөн хоног ажилдаа ирдэггүй гэнэ.

Дашрамд дурьдахад, архидалтын улмаас Орос жилдээ 1,7 их наяд рублийн хохирол үздэг байна. Үүнийг  Нийгмийн танхмын захиалгаар 2009 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын явуулсан судалгаа нотолжээ. Үйлдвэрлэл ба согтууруулах ундааны эргэлтээс 2008 онд 66 тэрбум рублийн ашиг олсон нь төсвийн нийт орлогын дөнгөж 0,7 хувь байна. Энэ нь хувьсгалын өмнөх (30% хүртэл) Зөвлөлтийн үеийн (15% хүртэл) үзүүлэлтүүдээс хамгийн доогуур төвшин болжээ. Жишээлбэл, скандинавын орнуудад өндөр хэмжээний акзицийн улмаас согтууруулах ундааны татвар нь төсөвт 2-5,2 хувийн орлого оруулдаг. Одоо архидалтын улмаас жилдээ хагас сая хүн зуурдын үхлээр нас барж байна. Орос мөн зам тээврийн ослоор дэлхийд нэгдүгээрт ордог. Замын ослоор жилдээ 35 мянган орос хүмүүс амиа алдаж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Европын холбооны орнуудтай харьцуулахад хүн амд ноогдох зам, тээврийн ослын үхлээр Орос 2,5 дахин илүү байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж