Францын ерөнхийлөгчийн сонгууль болохоос хоёр долоо хоногийн өмнө сонгуулийн кампанийн гурав дахь үеийн албан ёсны гараа эхлэв. Ерөнхийлөгчид 10 нэр дэвшигч байгаагаас. Социалист Франсуа Олланд, өнөөгийн ерөнхийлөгч Николя Саркози хоёрт ялалт байгуулах магадлал өндөр байна. Францад сурталчилгаа хийх журам нь Европтоо хамгийн чанга.
Энэ даваа гариг хүртэл нэр дэвшигчид өөрийн кампанийг ямар ч аргаар хийж болох байв. Харин үлдэж байгаа хоёр долоо хоногт гадны ухуулга ба телевизийн реклам нь хатуу журамтай юм. Түүнийг зөрчвөл нэр дэвшигчийг жагсаалтаас хасах хүртэл шийтгэлтэй. Гол хязгаарлалт нь Францын хотууд дахь гадны сурталчилгаанд хамаатай.
Нэр дэвшигчид нь өөрсдийн зурагт хуудсуудыг хотын захиргаа ба коммунуудын мэдлийн талбарт байрлуулах ёстой. Сурталчилгааны тусгай байрыг санал хураах байр бүрийн өмнө бэлтгэсэн байна. Бусад байр, талбайд сонгуулийн сурталчилгааг хоригложээ.
Тийм сурталчилгааг хэрхэн наахыг хуулинд заасан юм. Түүнд зааснаар дарааллыг нь сугалаагаар тогтоодог ажээ. Хамгийн эхэнд энэ удаа ногоонтнуудын нэр дэвшигч Эва Жоли, дараалаад үндсэрхэг үзэлтнүүдийн лидер Марин Ле Пен, өнөөгийн ерөнхийлөгч Николя Саркози, “Зүүний фронтын” Жан-Люк Меланшон, Шинэ антикапитал намын Филипп Путу, троцкист “Ажилчны тэмцэл” намын Натали Арто, бие даан нэр дэвшигч Жак Шеминад, төвийг баригчдын лидер Франсуа Байру, барууны төвийнхний Саркозийн өрсөлдөгч жигүүрийн Николя Дюпон-Эньян, социалистуудын нэр дэвшигч Франсуа Олланд нарын ухуулгыг ар араас нь наах юм байна.
Хэвлэл мэдээллийн төлбөртэй реклам эсвэл радио ба үзүүлэх, холбооны хэрэгслийн сурталчилгаа энэ үеэр хориотой. Гэхдээ нэр дэвшигчид төлбөртэйгээр иргэдэд хандсан хандивын уриалгаа тарааж болох аж.
Өрсөлдөөний лидерүүд Саркози Олланд хоёр одоогоор сонгуулийн сандаа мөнгө хийлгэх шаардлагагүй байгаа. Сонгуулийн болон улс төрийн кампанийн тооцооны үндэсний комиссийн мэдээгээр тэр хоёрын дансанд тус бүр 22,5 сая евро цугларсан байгаа бол өрсөлдөөний сүүлд яваа Путуд 800 мянга, Шеминад 350 мянган евро цугласан гэнэ.
Хамгийн сүүлчийн санал асуулгаар Саркози өнгөрсөн сарын дунд үеэс эхэлсэн тэргүүлэх байраа алдаагүй ба түүний төлөө сонгогчдын 29,5 хувь саналаа өгөхөд бэлэн аж. Намраас эхлэн өрсөлдөөнийг тэргүүлж байсан Олланд одоо Саркозигаас хоёр хувиар хоцорч явна. Хоёрдугаар сард түүний төлөө Саркозигаас долоон хувиар илүү байсан юм. Өөрийгөө “сэтгэлээр унасан социалист” гэж нэрлэсэн зүүний хүчний эвслийн нэр дэвшигч Меланшоны чансаа ихээхэн өссөн нь Олландын дэмжлэгийг бууруулсан шалтгаан болов.
Меланшон зүүний жигүүрийг нэгтгэгч болон гарч ирээд “уламжлалт” социалистуудтай өрсөлдөхөд бэлэн байна. Одоо Меланшоны төлөө сонгогчдын 14,5 хувь санал өгөхөд бэлэн байгаа юм. Тэрээр 14 хувийн дэмжлэгтэй Ле Пенийг гурваас дөрөвт оруулав. Сонгуулийн эхний шатанд Меланшоны төлөө өгсөн саналууд тавдугаар сарын 6-ны хоёр дахь шатны сонгуулийн хувь заяаг шийдэхээр болж байна. Зүүний нэр дэвшигч “Николя Саркозийг бут ниргэхийн тулд” Олландыг дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлсэн гэж Slate.fr сайт бичсэн байв. Меланшоны зөвлөх Эрик Кокрель хэлэхдээ, түүний хөтөлбөр нь Олландынхаас өөр гэдгийг сонгогчид ойлгох ёстой гэжээ. Зүүнийхэн социалистуудын танхимд уригдана гэж найдахгүй байгаа гэнэ. Хоёр нэр дэвшигчийн хөтөлбөр тийм ч хол биш гэдгийг харуулахын тулд €1 сая хүртэл орлоготой хүмүүсээс нэмүү ашгийн татварын хэмжээг 75 хувь болгоно гэж Олланд мэдэгдсэн байлаа. Зүүний хүчний нэр дэвшигчдийг нэгтгэх тактик одоогоор хэвээр байгаа бөгөөд сонгуулийн хоёрдугаар шатанд Олландын төлөө францчуудын 55 хувь санал өгөхөөр байгаа. Саркозийн төлөө 45 хувь саналаа өгөх гэнэ. Тэр хоёр халз маргаанд орохгүй. Саркози үүнээс татгалзсан байв.
France 2 телевиз 11 ба 12-ны өдөр таван нэр дэвшигчидтэй хоёр нэвтрүүлэг явуулна. Саркози тэнд байхгүй байна. “Тавдугаар Бүгд найрамдах улсын хамгийн эхнээс тийм л байсан. Хэзээ ч нэр дэвшигчид эхний шатны кампаниар халз иаргаан явуулж байгаагүй. 2007 онд ч тийм байсан. Хагас шигшээд ялаагүй байж төсгөлийн тоглолтыг хийдэггүй гэсэн “спортын журам” байдаг. Та нар төсөөлж байна уу, бүх нэр дэвшигчид адил цагаар маргана гэдгийг. Хүн бүрт зургаан минут өглөө гэхэд тэр нь нэг цаг болно шүү дээ” гэж Саркози өөрийн тайлбарыг Journal du dimanche сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хийсэн байв.
Нэр дэвшигч бүр өөрийн сурталчилгааг тавих ёстой бөгөөд нэг газарт хоёроос илүү хуудас байрлуулж болохгүй. Тэдний нэг нь 594 х 841 мм хэмжээтэй байх агаад түүнд зөвхөн хөтөлбөрөө тавина. Арай бага 297 х 420 мм хэмжээтэй хуудсанд нэр дэвшигчийн сонгогчидтой уулзах хуваарь болон өөр арга хэмжээний талаар мэдээлэл тавих ёстой.
Сурталчилгааны хуудас ямар байхыг хатуу хуульчилжээ. Бүх зурагт хуудас хаана ч нэгэн адил хэмжээтэй, нэг хэвийн байхаар тусгасан байна. Түүнээс гадна нэр дэвшигчид цагаан өнгө хэрэглэхийг хоригложээ. Учир нь энэ өнгө засгийн мэдлийнх гэнэ. Мөн зурагт хуудсанд төрийн далбааны өнгүүдийн тоглолтыг гаргаж болохгүй. Хэрэв төрийн далбааны цэнхэр, цагаан, улаан өнгө нь намын бэлгэдлийн өнгөтэй ижил тохиолдолд л ашиглаж болно.
Ухуулах хуудсыг шуудангийн хайрцагаар тараахыг бас хориглов. Нэр дэвшигч сонгогчдод хаалга тогших замаар зөвхөн нэг удаа ухуулах хуудас хүргэж болно. Энэ тохиолдолд тийм хуудас нь стандартын А4-ын хэмжээтэй цаасны талтай тэнцэхүйц буюу 60-80 г/кв.м. нягтралтай цаасан дээр хэвлэгдсэн байх ёстой гэнэ.
Нэр дэвшигчид үнэгүйгээр “халуун шугамын” гэх арга хэмжээг хийж болохгүй. Телевизийн рекламд ч хатуу журамтай. Бүх нэр дэвшигчид ижил цаг, ижил хэмжээний эфирийн цагтай байна. Үүнийг радил телевизийн дээд зөвлөл хянадаг. Гэхдээ сувгууд өөрсдөө нэр дэвшигчийг ямар нэвтрүүлгээр гаргахаа шийдэнэ. Гэхдээ “20.00 цагийн мэдээний хөтөлбөр нь 04 цагийн нэвтрүүлэгтэй тэнцэхгүй” гээд Дээд зөвлөлийн тайлбарт өгүүлжээ.