Мал өсч, мах ховордсоор

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Монгол Улс өнгөрсөн 2011 онд 40 сая толгой мал тоолуулав. Өмнөх 2010 оныхоос малын тоо толгой нийтдээ дөрвөн саяар өсчээ. Цаг агаар ч өнгөрсөн жилүүдэд хатуу ширүүнээ үзүүлээгүй нь хамгийн том завшаан болсон  байх. Энэ хавар 15,7 сая эх мал төллөх юм байна. Тэгэхээр  Монголын малын тоо толгой 40 саяас нэлээд давах биз. Үндэсний статистикийн хорооныхон Монгол Улсын хүн амын тоо 2017 онд гурван сая, 2040 онд 3.9 саяд хүрнэ гэдгийг тооцоолж гаргажээ. Тэгэхээр  өнөөдрийн байдлаар Монголын хүн ам гурван сая ч хүрээгүй байна. Таван жилийн дараа л Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөж авах бололтой юм. Малынхаа тооноос хэд дахин бага хүн амтай, уламжлалт мал аж ахуйн орон гэгддэг Монгол Улс иргэдийнхээ идэх махыг бэлтгэж хүчрэхгүй “нүглийн нүдийг гурилаар хуурах” дайны л арга хэрэглэж сууна. Захын  ченж ч нөөцийн махаар махны үнийг зохицуулж чадахгүй гэдгийг хэлээд байгаа шүү дээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нөөцийн махыг 2006 оноос эхлэн бэлтгэж ирсэн байна. Мах бэлтгэгч компаниудын урамшуулалд төрөөс өнгөрсөн онд найман тэрбум төгрөг гаргасан бол энэ жил гэхэд 9,8 тэрбумыг төсөвлөжээ. Тэгвэл монголчуудын жилийн  махны хэрэглээ 2010 онд 177.3 мянган тонн, 2011 онд 180.6 мянган тонн байж.  Бидний махны хэрэглээ жилээс жилд гурван мянган тонноор нэмэгддэг гэхээр 2012 онд  хүнсэндээ 183.8 мянган тонн мах хэрэглэх тооцоо байна. Үүнээс нийслэлчүүдийн жилийн махны хэрэгцээ нь 110 мянган тонн. Жилдээ 110 мянган тонн мах зооглодог нийслэлчүүдэд зориулж гаргасан 12 мянган тонн мах зах зээлийн үнийг тогтворжуулах нь байтугай, хаана зараад байгаа нь ч мэдэгдэхгүй шахам өнгөрдөг. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Ч.Энх-Амгалан нөөцийн мах нийслэлчүүдийн ердөө 5-6 хувийнхны хэрэгцээг л хангадаг гэдгийг нуугаагүй. Яг үнэндээ нөөцийн махыг нь авах гэж иргэд нэг зовно. Авсан хойно нь иргэд идэх гэж бүүр зовдог. Мах бэлтгэдэг компаниуд “үнийг нэмнэ үгүй бол гэрээгээ цуцална”  гэсээр байгаад  нөөцийн махны үнэ 4100-5200 төгрөг болсон. Өвөл махаа нөөцөлж чадаагүй компаниуд хаврын тарчиг цагаар 10 мянган тонн мах хаанаас олох ньүнэндээ чөтгөр бүү мэдээ.

Завханд амьд хонь дунджаар 80 мянган төгрөг байгаа сураг дуулав. Тэнд байдаг хамаатан руугаа утас цохиж асуувал үнэн гэж байна. Эр хонийг 130 мянган төгрөг. Харин үхэр 600-700 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Зарим аймагт эр үхэр бүр нэг сая төгрөгийн үнэтэй байгаа гэнэ. Малчид ер нь их пээдгэр болжээ. Тэд  өмнө нь хотын ченжүүдээс мал авах уу гэж царайчилдаг байсан бол ченжүүд өдгөө тэднээс малаа зарах уу гэж гуйдаг болсон гэх. Монгол Улс 160 мянган малчин өрхтэй.   Тэдэнд өнөөдөр малаа худалдах шаардлагагүй болжээ. “Mongol food” компанийн захирал Д.Галбадрах махны үнэ тэнгэрт хадсан нь төрийн бодлогын буруу гэдгийг шүүмжилсэн. Үүнийг ч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн газрын дарга Ч.Энх-Амгалан хүлээн зөвшөөрч байна лээ. Малчид малаа нядалж, үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг байсан үе хэдийн ард хоцорсон бололтой. Уг нь намрын сургууль орох, хавар сургуультөгсөх үеэр бөөн, бөөнөөр нь мах ачсан машины цуваа нийслэлийг зорьдог байж. Харин одоо байдал өөрчлөгджээ. Төр хүүхдийнх нь сургалтын төлбөрийг нь дааж, 70 мянган төгрөгийн цалин өгөх болсноор малчдад малаа нядлах хэрэгцээгарахаа больж. Тиймээс л хотод махны үнэ тэнгэрт хадах болсон байна. Аргагүй ч байх, авгайнхаа одонгийн мөнгө болоод сар бүр өгдөг 21 мянган төгрөгийн хувь хишгээрээ амьдралаа залгуулж болгоод байгаа хойно доо.  Муу л бол захын хар овоохой гэгчээр махны үнэ өсөх болгонд ченжүүд бурууддаг байв. Урьд нь тэд махны үнийг зохиомлоор өсгөж, чамгүй ашиг унагадаг байсан худлаа биш л дээ. Гэхдээ өнөөдрийн хувьд мах магнаг болсон ченжүүд гэхээсээ илүү төрийн бодлоготой л холбоотой дэг ээ. Мах 3-4 дамжлага дамжиж, эцсийн хэрэглэгчдэд хүрдэг талаар Ч.Энх-Амгалан дарга ярьсан. За, тэгээд УИХ-аас хонь ямааг цалинжуулаад эхлэхээр малчид пээдийх нь зөв биз. Өнгөрсөн жил гэхэд төрөөс 50 тэрбум төгрөгийг ноосны урамшуулалд зарцуулсан шүү дээ. 

Монгол Улсын Засгийн газар их том зорилго тавиад буй. Тэр нь Монгол Улс хүнсний экспортлогч орон болох. Өнгөрсөн онд  Монгол Улс ОХУ-д үхрийн хөлдүү мах 2995.6 тонн, адууны мах 2071.5 тонн, Киргизид хонь, ямааны мах 20 тонн, адуу 135.2 тонн, Казахстанд үхрийн хөлдүү мах 414.9 тонн, Иранд хонь ямааны мах 264 тонн, лаазалсан бүтээгдэхүүн 19.8 тонн,  Вьетнамд хонь, ямааны 221 тонн махыг экспортолсон байна. Энэ жил ийм хэмжээний мах эскпортлох юм даг уу даа. Гэхдээ дотоодынхоо хэрэгцээг хангаж чадахгүй шахам болчихоод байгаа Монгол Улс хүнсний экспортлогч орон болно гэхэд эргэлзээтэй. Гэхдээ ямар мөрөөдөхөд мөнгө төлөх ч биш дээ.

Гайтай муу мах. Хэдэн төгрөгийг минь дахиад л ховх сорох нь ээ. Болдогсон бол бүгдээрээ махнаас гарчих юмсан. Гэхдээ чадахгүй ньтодорхой л доо.Ёстой нөгөө чоно махнаас гарав гээч л болох биз. Угаасаа л монголчууд махсаг ард түмэн хойно. Нялх хүүхэд нь хүртэл сүүл хөхөөд л хэвтэж байдаг, тийм л ард түмэн шүү дээ. Тэгэхээр манжин байхад махаар яах вэ гэж худлаа томроод ч яах вэ. Гэхдээ ганцхан махны үнэ нэмэгдлээ гээд инфляци суга өсчихдөг, дагаад идэж уух эдлэх хэрэглэх бүхний  маань үнэ өөрчлөгддөг байна аа. Өдийд махны үнэ ерөнхийдөө бага зэрэг өсдөг байсан үнэн. Энэ нь ч улирлын чанартай асуудал байгаа юм. Хаврын тарчиг цагаар малчид тэр бүр малаа нядлаад байдаггүй. Харин өвөл махны үнэ харьцангуй хямдардаг байлаа. Гэтэл энэ өвөл махны үнэ буурах биш өссөн. Өсөх өсөхдөө өнгөрсөн жилээс нэг дахин өссөн бий. Төр засаг төдийлөн үр дүн өгч чаддаггүйг нь мэддэг ч гэлээ өнөөх  л ганц мэддэг аргаараа нөөцийн мах худалдаанд гаргадаг. Гэсэн ч махны үнэ улам л тэнгэрт хадсаар. Адаг сүүлдээ зарим улстөрчид гаднаас мах импортлох тухай хөндөх болж. Хүнээсээ 20 дахин их малтай хэрнээ иймхэн асуудлыг зохицуулж чадахгүй, гаднаас гуйлга гуйхаар ярьж суудаг арчаагүй дамшигууд шүү дээ, манай улстөрчид.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж