”Цахим үнэмлэх сонгуулиас өмнө хэвлэгдэхгүй”

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

”Цахим үнэмлэх сонгуулиас өмнө хэвлэгдэхгүй”

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Иргэний бүртгэлийн газрын харьяа байгууллагуудын томилгооны талаар Улсын бүртгэлийн газрын дарга Л.Амарсанаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. УБЕГ-ын дарга Л.Амарсанаагаас дараах асуудлыг тодрууллаа.

-УБЕГ-т халаа сэлгээ хийж, Ард­чилсан намын хүмүүсийг халсан гэх мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?

-УБЕГ-ын харьяа  Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Иргэний бүртгэлийн газрыг татан буулгаж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, үйлчилгээний ачааллыг багасгах зорилгоор бүтэцдээ өөрчлөлт оруулсан. Эд хөрөнгийн эрхийн бүртгэл, Иргэний бүртгэлийн үйлчилгээг хэлтэс болгон дүүргүүдэд хуваарилж байгаа юм. Ингэснээр иргэд УБЕГ-ын төвлөрсөн байранд урт дараалал үүсгэхгүй, ачаалал багасна. Иргэний болон эд хөрөнгийн бүртгэлийн мэргэжилтнүүдийг дүүрэг бүрт хувиарлаж байгаа. Эхний ээлжинд хүн ам ихтэй Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд хэлстүүдийг байгуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, нэг дор ажиллаж байсан хүмүүсийг дүүрэг бүрт архивын мэргэжилтэнтэй нь хамт шилжүүлж байгаа. Машин техник багталцахгүй, дугаарлалт их, байшиндаа багтахгүй зэрэг хүндрэл олон гардаг байсныг  дүүргүүдэд  шилжүүлснээр 100 айлд бий болж байсан ачаалал 60 гаруй хувиар буурах юм. Шилжүүлэг хийсэн гурван дүүрэг хүн амынхаа тоогоор нэлээд дээгүүр ордог. Тэдгээр дүүрэг тус бүрээс өдөрт 120-130 иргэн манайд хандаж үйлчлүүлдэг байсан. Үүнийг л хөнгөвчилсөн юм. Хуучин газрын дарга нараас хоёр нь ямар нэг албан тушаалд томилогдоогүй байгаа. Нэгтгэсэн хэлтсийн даргаар УБЕГ-т олон жил ажилласан, туршлагатай хүнийг томилсон. Бид төрийн албан хаагчийн шалгуурын дагуу томилгоог хийсэн. Олон нийтэд мэдээллээд байгаа шиг намын бодлоготой томилгоо хийгдээгүй. Засгийн газрын хуралдаанд ч мөн энэ асуудлыг танилцууллаа.

-Цахим үнэмлэх хэвлэх хугацааг ч бас хойшлуулсан. Үндсэндээ цахим үнэмлэх хэвлэгдэхээргүй болчихсон уу?

-Бид эхний ээлжний цахим үнэмлэхний бэлдэцийг дөрөвдүгээр сарын 3-нд 60-ыг авсан. Ухаалаг үнэмлэхэд иргэний хувийн  мэдээлэл багтсан чип суулгах ёстой байсан. Үүнийг нь суулгах компани нь техникийн саатлын улмаас 18 хоног хойшлуулах санал бидэнд тавьсан. Нэгэнт бэлдэц хийж байгаа компани өөрөө ийм санал гаргаж байгаа учраас бид үүнийг нь хүлээн авахаас өөр арга байхгүй шүү дээ. Тиймээс хамгийн сүүлд зургадугаар сарын 16-нд цахим үнэмлэх иргэдийн гар дээр очих ёстой байсан бол 18 хоногоор хойшилно гэхээр долдугаар сард хэвлэж дуусах төлөвлөгөөтэй болоод байна. Засгийн газрын хуралдаанаар цахим үнэмлэхний талаар яриагүй. Гэхдээ иргэний ухаалаг үнэмлэх хэвлэх хугацаа 18 хоногоор хойшлох нь тодорхой болоод байна.

-Тэгвэл УИХ-ын сонгууль цахим үнэмлэхгүйгээр болно гэсэн үг үү?

-УБЕГ-аас шалтгаалах зүйл байхгүй ч техникийн саатлыг яаж ч болохгүй зүйл. Энэ асуудлыг ажлын хэсэг дээр ярих байх. УБЕГ-ыг удирдаж байгаа, цахим үнэмлэхийг гардан хийж байгаа хүний хувьд иргэний ухаалаг үнэмлэх УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө хэвлэгдэж амжихгүй гэж хэлмээр байна. Би энэ ажлыг аваад хоёр сарын хугацаа өнгөрч байгаа. Ажлаа авахдаа хийж, бүтээнэ гэсэн эрмэлзэлтэй байсан ч үнэхээр аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа учраас үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэнээр хэлэх нь зүйтэй гэж би бодож байна. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж