“Хятадууд буудай авах сонирхолтой байгаа”

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

“Хятадууд буудай авах сонирхолтой байгаа”

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Л.Дүйнхэржавтай ярилцлаа.

-Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаасан улаанбуудайнхаа мөнгийг тариаланчид өнөөг хүртэл авч чадаагүй гэсэн яриа байна. Засгийн газраас олгохоор болсон урамшууллынхаа мөнгийг өгч дуусаагүй байгаа юм уу?

-Засгийн газар тариаланчдад урам­шууллынх нь мөнгийг аль эрт өгөөд дууссан. Өөрөөр хэлбэл,  тариаланчдын Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон улсын нөөц, гурилын үйлдвэрүүдэд тушаасан нэг тонн тутамд олгох урамшууллынх нь мөнгийг аль эрт өгөөд дууссан. Одоо энэ асуудлаар ямар ч өгөө, аваа  байхгүй. Хуулийн дагуу бид өгдөг юмыг нь өгсөн, тариаланчид ч авах ёстой урамшууллынхаа мөнгийг 100 хувь  аваад дууссан.

-Тэгээд ямар мөнгөний асуу­дал яригдаад байгаа юм бэ. Тариланчид хаврын тариа­лалт­даа бэлтгэх гэсэн чинь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас мөнгийг маань өгөхгүй байна гэсэн гомдол, шүүмжлэл гаргасан байна лээ?

-Өнгөрсөн намар Монгол Улсын хэмжээнд нийтдээ 430 мянган тонн улаанбуудай хурааж авсан байгаа. Манайд болон гурилын үйлдвэрүүд, улсын нөөцөд тушаагаад ч багагүй буудай цаана нь үлдсэн. Тиймээс тариаланчид бидэн хандаж хүсэлт тавьсан л даа. Борлогдохгүй байгаа буудайг маань худалдан аваач гэж хүсэлт тавьсан юм. Хавар, зуных нь хөдөлмөрийг ганц цаснаар “будаа” болгочихгүйн тулд бид буудайг нь худалдаж авсан. Хэцүү шүү дээ, өвөл болчих гээд байдаг. Гурилын үйлд­вэрүүд буудайг нь худалдаж авдаггүй.

Засгийн газраас тариаланчдаа дэмжээд борлогдохгүй үлдсэн буудайг нь  цаг агаар хүйтрэхээс өмнө худалдаж ав гэсэн.

Тариаланчдын зах зээлд борлуулж чадаагүй нийт 195 мянган тонн буудайг Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүлээн авсан.

Засгийн газраас 35 тэрбум төгрөгийн төсвийн зээлийн санхүүжилт өгсөнөөр 100 мянган тонн, дээрээс нь сангийнхаа 19 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 54,5 мянган тонн буудайг худалдан авч нэмж 40 мянган тонн буудайг гурилын үйлдвэрүүдэд борлуулсны дараа төлбөр хийхээр тохиролцон хүлээн авсан бөгөөд өөрийн элеватор болон бусад гурлын үйлдвэр, аж ахуйн нэгжийн сав агуулахад хадгалалтын гэрээгээр байршуулсан юм. Ингээд Сангийн хөрөнгөөс гадна 49 тэрбум төгрөг шаардлагатай болсон.

Тариаланчидтай  ямар гэрээ бай­гуулс­ныг тэд  өөрсдөө сайн мэдэж байгаа байх.  Гурилын үйлдвэрүүд нь худалдаж авсан буудайныхаа мөнгийг өгч чадахгүй удааж байгаа тал бий. Түүнээс болоод л зарим аж ахуйн нэгжүүдэд үлдэгдэл жаахан мөнгийг нь өгөөгүй байгаа. Гэхдээ хаврын тариалалтаас өмнө амжаад өгөхөөр ажиллаж байна.

-Хичнээн аж ахуйн нэгжүүдэд үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй байгаа юм бэ.  Том компаниуд нь аль хэдийн мөнгөө авсан дандаа жижиг,  дунд зэрэглэлийн тариаланчид Тариалан эрхлэл­тийн санд тушаасан мөнгөө авч чадаагүй гэсэн  яриа байгаа. Энэ үнэн үү?

-Худлаа, тийм биш. Тариалан эрх­лэл­тийг дэмжих санд нийтдээ 810 аж ахуйн нэгж, иргэд буудайгаа зарснаас 700 гаруй аж ахуйн нэгж, иргэд ялангуяа жижиг, дунд зэрэглэлийн тариаланчдийн буудай зарсан мөнгийг нь бүрэн олгосон. Одоо харьцангуй бие даах чадвартай 100 гаруй аж ахуйн нэгжид маш бага хэмжээний мөнгө өгөх үлдсэн. Эдгээр  аж ахуйн нэгжүүдэд өгөх ёстой мөнгөнийхөө 70 гаруй хувийг нь өгчихсөн байгаа.

Засгийн газраас олгодог урам­шуулал болоод буудай зарсан мөнгөө танил талтай том компаниуд хамгийн түрүүнд авдаг гэсэн яриа гардаг.

Тийм зүйл байдаггүй. Харин ч манай сан хамгийн түрүүнд жижиг дунд тариаланчидад өгөх ёстой мөнгийг нь өгөхийг чухалчилдаг. Өнөөдөр үлдэгдэл мөнгөө аваагүй байгаа 100 гаруй компани дотор томоохон аж ахуйн нэгж цөөнгүй байгаа. Мөнгөний боломжтой, чадамжтай гэдэг үүднээс том аж ахуйн нэгжүүдэд харилцан тохиролцсоны дагуу хамгийн сүүлд мөнгийг нь өгөх явдал ч бий.  Хэцүү үедээ тусламж гуйж ирчихээд дараа нь хэл ам хийх муухай л даа.  Буудайных нь мөнгийг хэзээ өгөхөөр гэрээ байгуулснаа ч бас санах хэрэгтэй шүү дээ. Улаанбуудайг маань аваад өгөөч, зараад өгөөч гэсэн мөртлөө дараа нь мөнгийг маань өгсөнгүй энэ тэр болоод байх хэрэг байхгүй л баймаар юм. Тэгээд ч тариаланчид бас өөрсдөөсөө л болдог. Өөрсдөө өрөө цагтаа өгчихдөг бол авлагаа бас цагтаа авах боломжтой болох юм. Гэтэл хавар бөөн өр тавьж, зээл авчихаад намар нь бултаад зугатаад байдаг ч хүмүүс бий. Би бүх тариаланчдыг хамруулаагүй шүү.  Хэрвээ тэд авсан шигээ зээлээ төлчихсөн бол ямар нэгэн гомдол гарахгүй байсан. Аль хэзээний тэр мөнгийг нь бид өгчих бүрэн боломжтой байлаа. Даанч өөрсдөө зээлээ төлөхгүй, тэгсэн мөртлөө жаахан асуудал үүсэхээр л гомдол гаргаад мөнгөө авья гээд нэхээд байдаг. Хугацаа хэтэрсэн зээл зөндөө байна.

-Гурилын үйлдвэрүүд нь улаан­буудайнхаа мөнгийг яагаад өгч чадахгүй өдий хүргэсэн юм бол?

-Мөнгө байхгүй л байгаа боло­хоор л тэр шүү дээ. Дотоодын гурил борлуулалт муутай байгаа. Аргагүй ч байх. Импортын гурил их хэмжээгээр орж ирсэн, дотоодын үйлдвэрүүдийн гурилын борлуулалт маш их хэмжээгээр багассан байгаа. Тиймээс борлуулалт нь муудчихсан болохоор мөнгө байхгүй гээд байна. Би “мөнгөө өгөөч” гээд өнөөдөр хүртэл нэхээд сууж байна. Хаврын тариалалтаас өмнө тариаланчдын үлдэгдэл мөнгө төгрөгийг нь өгчих санаа­тай хөөцөлдөөд л байна. Зүгээр гараа эвхээд суусан юм алга.

-Та түрүүнд хэлсэн. Тариа­ланч­­даас манай сан авах авлагатай гэж. Хэд орчим төгрө­гийн авлагатай гэж?

-Яахав дээ, янз бүрийн л юм бий. Хаврын тариалалт эхлэхээр шатахуун болон үр, ургамал хамгааллын бодис зээлээр өгнө. Мөн трактор, комбайн  зэрэг хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж байна. Хугацаа хэтэрсэн зээлийнх нь өр гэж 24 тэрбум төгрөгийг манай сан тариаланчдаас авах ёстой. Дээрээс нь манай санд гурилын үйлдвэрүүд 10 гаруй тэрбум төгрөгийн өглөгтэй. Бусдаас авах авлагаа тооцвол нийтдээ 40 орчим тэрбум төгрөгийн авлага байна. Хэрвээ тариаланчид авсан зээлээ хэл амгүй төлчихдөг бол бид ингээд мөнгөний эрэлд хатаад явахгүй шүү дээ. Аль хэдийн мөнгийг нь өгчихсөн байгаа. Борлуулсан буудайных нь мөнгийг өгч чадахгүй байна гэж биднийг шүүмжлэхээс илүү өөрсдөө бас буруутай гэдгээ ойлгох ёстой. Энэ жил гэхэд 7,8 мянган тонн шатахуун, 880 тонн ургамал хамгааллын бодисыг хаврын тариалалтдаа зориулж зээлээр өгнө.

-Энэ жил гаднаас үр авахгүй гэсэн байхаа. Ер нь тариаланчдад үр зээлээр өгөхдөө урьдчилгаа авдаг уу?

-Тариаланчдад зээлээр үр өгөхдөө урьдчилгаа авах нь тодорхой. Авалгүй яахав. 30 хувийн урьдчилгаа авдаг. Энэ жил Монгол Улс гаднаас үр авахгүй. Энэ бол Атрын III аяны үр дүн гэж бодож байна. Атрын III аяны хүрээнд монголчууд дотоодынхоо улаанбуудайн хэрэгцээг зуун хувь хангадаг болсон. Импортын чанаргүй хүнсний ногоо идэхээ больсон. Энэ бол газар тариалангийн салбарт гарч байгаа том амжилт. Өмнө нь газар тариалангийн салбар бараг уналтад орчихсон байсан шүү дээ. Гаднаас үр тариа, гурил  будаа гуйдаг байсан цаг монголчуудад бий. Гэтэл өнөөдөр бүх юмны үнэ өсөөд байхад гурилын үнэ тогтвортой байгаа нь Атрын III аяны л үр өгөөж. Хүнсний ногоо гэхэд л Хятадаас их хэмжээний чанаргүй төмс ороод ирдэг байсан. Одоо бол монголчууд Монголынхоо хөрсөнд ургасан монгол төмсөө идэж байна. Эрүүл хүнс хэрэглэж байна. Энэ жил  нийтдээ 346 мянган га талбайд тариалалт хийхээр болсон. 54,6 мянган  тонн үр хэрэгтэй. Манай сангаас 6,8 мянган тонн үр гаргана. Улсын нөөцөөс  таван мянган тонн үр өгнө. Дээрээс нь аж ахуйн нэгжүүд өөрсдөө хадгалсан 34 мянган тонн үр бий. Тэгэхээр гаднаас үр гуйх шаардлагагүй гэсэн үг.

-Тариаланчдын улсын зөв­лө­гөөн хэзээ болох вэ. Тариаланчдад мөнгийг нь өгч чадаагүй болохоор зөвлөгөөнийг хойшлуулсан гэсэн байх аа?

-Зөвлөгөөн болох байх аа. Одоогоор хэзээ болох тов нь гараагүй байгаа. Миний бодлоор тариаланчдын улсын зөвлөгөөнийг бүсээр нь хийвэл илүү үр бүтээлтэй юм шиг санагдсан. Бүх л зовлон жаргалаа яриад. Харин улсын хэмжээнд нэгтгээд хийхээр ерөнхий зүйл яриад л өнгөрдөг.

-Тариаланчид, малчид бүгд хувийн хэвшлийнхэн. Тариаланч­дын эсвэл малчдын өмнөөс төр гүйгээд байх шаардлагатай гэжүү. Цайны газрын эзний өмнөөс төр хоолыг нь зараад эсвэл хар зах дээр  өмд зардаг хүн өмдийг худалдаж аваад өөр хүнд зараад өгөхгүй нь тодорхой. Адилхан л хувийн хэвшлийнхэн. Зүгээр л өөрсдөө өөрсдийнхөө ажлыг хариуц гээд орхичихож болдоггүй юм уу?

-Болохгүй байна.  Учир нь газар тариалан бол хүнсний аюулгүй байдлыг хангах стратегийн гол салбар. Тэр утгаараа төр дэмжихээс өөр аргагүй. Газар тариалангийн салбарыг төр дэмжээд босгоод ирлээ. Цаашдаа тариаланчид төрийн дэмжлэг хараад, хүлээгээд суух биш өөрсдөө зах зээлийнхээ жамаар хөгжих байх. Өмнө нь гэхэд хаврын тариалалтын үед шатахууныг 30 хувийн урьдчилгаа аваад зээлээр өгдөг байсан. Энэ жилээс урьдчилгаа 50 хувийг нь авна.

-Жилээс жилд  тариалалт хийх талбайн хэмжээ нэмэгдсээр бай­гаа. Зарим мэргэжилтнүүд тоо яах ва, чанарт анхаарлаа хандуулаач гэж зөвлөдөг. Манай улаанбуудай хог ихтэй, чанар муутай гэх хүмүүс ч бий. Тэгэхээр улаан­буудайн чанар сайжирч байна уу. Эсвэл зүгээр л  манайхан тоо­ны хойноос хөөцөлдөөд байна уу?

-Ер нь Монгол Улс үр тариа экс­порт­логч орон болох зорилго тавьсан. Тиймээс энэ жил Хятад руу 100 мянган тонн үр тариа экспортлох гэрээ байгуулсан. Энэ дөрөвдүгээр сард багтаан экспортлох байх. Энэ жил гэхэд 330 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байгаа. Манайд л үр тариа илүүдэлтэй, борлогдохгүй байгаа болохоос бусад орон өлсгөлөнд нэрвэгдэж байна шүүдээ. Тэр өлсч байгаа орнуудад буудай экспортлоё л доо. Цаашдаа үр тарианы экспортынхоо хэмжээг нэмэх бодлого барина. Манай үр тарианы чанар маш сайжирсан. Дэлхийн стандартад хүрсэн. Өмнө нь хог ихтэй, чанар муутай байсан тал бий.  Тэр бас хэд хэдэн шалтгаантай байсан байх. Мөнгө санхүүгээс болдог байсан биз. Мөн тоног төхөөрөмж муу, технологио мөрдөггүй зэрэг алдаа дутагдал байсан. Харин одоо бол манай улаанбуудайг авах сонирхол хятадуудад маш их байна лээ. Органик, сайн чанарын улаанбуудай байна гэдгийг хятадууд хүлээн зөвшөөрсөн.

-“Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ” гэдэг. Ахиухан талбайд үр тариа тариалж, багагүй ургац хураахаар төлөвлөж байгаа юм байна.Тэр бүгдийг багтааж, агуулах сав хангалттай бий юу?

-Өнгөрсөн жил агуулах савны тоо хэмжээг нилээд нэмэгдүүлсэн. Төрөөс буудайн агуулах сав их хэмжээгээр барих нэг их шаардлагагүй гэж боддог, гэхдээ аюулгүйн нөөцийн хэмжээнд хүргэх хэрэгтэй. ТЭДС төв аймгийн Угтаал цайдам суманд 38 мянган тонн багтаамжтай элеваторыг энэ онд ашиглалтад оруулна. Ер нь аж ахуйн нэгжүүд өөрсдөө буудайгаа хадгалах саваа бэлтгэх ёстой.

-Халхын голд 220 мянган га талбайд тариалалт хийхээр болсон гэлээ. Халхын голын сав газрыг солонгосчуудад зарчихсан гэсэн яриа нэг хэсэг гарсан. Энэ юу болсон бэ?

-Юу болох вэ дээ. Нэг нь ажил хийх гэхээр нөгөөдүүл нь ам хэлээ ураад байдгаа монголчууд болих хэрэгтэй байна. Хэрэгтэй хэрэггүй яриа ажил хийхэд маш их саад болдог байхгүй юу. Ажил хийхгүй суугаад байж болно. Гэхдээ бид эдийн засгаа, улс орноо хөгжүүлэх хэрэгтэй биз дээ. Халхын голын сав газрын 220 гаруй мянган га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ТЭЗҮ-г хийлгэхээр манай яамнаас олон улсын “Койка” байгууллагад санал тавьсан юм. Ямар хөрстэй, ямар технологи хэрэглэх, усжуулалтын асуудал гэдгээс нь эхлээд нарийвчилсан судалгаа хийсэн. Өнөөдөр Халхын голын сав газрын 220 мянга га талбайгаас газар тариалан эрхлэхээр эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүд дотор нэг ширхэг ч Өмнөд Солонгосын, гадны компани байхгүй. Шалгаад үзэж болно. Бүгдийг нь манай дотоодын компаниуд, орон нутгийн иргэд авсан байдаг.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж