Тус компанийн нийт хувьцааны 10 хувийг иргэдэд, дараагийн 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд, 20 орчим хувийг хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэрийг уг нь нэлээн эрт хамтарсан Засгийн газраас гаргасан. Өнгөрсөн оны намар аж ахуйн нэгжүүдийн 10 хувийг иргэд рүү шилжүүлж, нийт 20 хувь буюу 1072 ширхэг хувьцааг иргэдэд өгөхөөр шийдвэрлэсэн болохоор дээрх мэдээ нэг их шинэ зүйл биш юм. Мөн тэтгэврийн насныхан ба оюутнуудад бэлнээр болон сургалтын төлбөр хэлбэрээр хувьцааны оронд нэг сая төгрөг өгөхөөр Засгийн газар өмнө нь шийдвэрлэсэн болохоор хувьцааны талаарх мэдээ тэдэнд одоо нэг их чухал биш. Тэгвэл 1072 ширхэг хувьцааны талаарх шийдвэр, мэдээ хэнд сонин бэ? Мэдээж хувьцаа авах, хожим хувьцааны ашгаа хүлээх иргэдэд энэ нь хамаатай. Харин хоёрдугаарт, улс төрийн утга агуулгаараа Ардчилсан намд чухал зүйл.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гаргах ажил яагаад удаашраад байгаа, иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа олгох шийдвэр хэзээ гарах талаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдтай хамтарч мэдээлэл хийнэ гэж долоо хононгийн өмнө зар тарааж, хэвлэлийнхнийг цуглуулаад амжсан юм. Харин Ерөнхий сайд хүрэлцэн ирээгүй, яагаад гэвэл ийм мэдээлэл хийх талаар юу ч сонсоогүй, тохиролцоогүй гэж мэдэгдсэн.
Өмнөх сонгуулиар байгалийн баялгаас иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх концепцийг дэвшүүлж, “Эрдэнийн хувь” гэдэг ойлголтыг анх санаачилсан Ардчилсан намын амлалт алхам ч болов урагшлах нь тэдэнд хэрэгтэй. Уг нь зөвхөн Ардчилсан намд биш ард түмэнд хэрэгтэй зүйл учраас араас нь хөөцөлдөж, эрх мэдлээ авч үлдсэн МАН-д жаахан ч болов шахалт үзүүлэх үүднээс Н.Алтанхуяг дээрх сенсаацийг дэглэсэн бололтой. Юутай ч энэ удаад Ардчилсан намын даргын шахалт, шаардлага, ард иргэдийн хүсэл, хүлээлт тодорхой үр дүнд хүрч байна. Үүнд бас МАН-ынхны айдас, болгоомжлол ч ташуур өгсөн байхыг үгүйсгэхгүй.
Учир нь хувьцаанаас илүү 1.5 сая төгрөгөнд үнэмшсэн сонгогчдынхоо нэг хэсэгт буюу зөвхөн тэтгэврийнхэнд зургадугаар сараас наана гурав тасалж мөнгийг нь өгнө хэмээн аргацааж байгаа МАН-ынхны “нэхэл хатуу амлалтдаа унах нь” гэсэн болгоомжлол бас үндэслэлтэй зүйл. Өнгөрсөн хугацаанд иргэдэд тараасан 70 мянга, 21 мянгын халамжийн эх үүсвэрийг дандаа зээлээр босгож ирсэн. Одоо дахиад нэг саяын эх үүсвэрийг хаанаас босгох вэ гэдэг асуудал болж байгаа. Энэ удаад амлалтынхаа өрнөөс гарах “альтернатив” хувилбар болгож, Тавантолгойн хувьцааны үнэ цэнд нэг саяа шингээхээр болж байх шиг байна.
Харин сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ихэнхэд нь Засгийн газарт хамтарч ажилласан Ардчилсан намын амлалт болох “Эрдэнийн хувь” бол алс хэтдээ л ашиг өгч мэдэх зүйл гэдгийг ард иргэд анхнаасаа л гадарлаж байсан тул одоо юу юугүй нэхэх нь юу бол. Тэгээд ч Тавантолгойн ордыг ашиглалтад оруулах эхлэл болгож, “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, нийт хувьцааны 10 хувийг иргэдэд өгөх шийдвэрийг хамтарсан Засгийн газарт байх хугацаандаа гаргасан. Энэ тоог нэмэгдүүлэх шийдвэрийг ч бас цаасан дээр буулгачихлаа. Харин Тавантолгойн хувьцааг “амь” оруулах, IPO хийх, ордыг ашиглалтад оруулах ажлыг тодорхой ашиг сонирхлын бүлэглэл гацааж байгаа гэдэг тайлбарыг Ардчилсан нам түлхүү явуулж буй.
Стратегийн орд газруудаас иргэдэд хувь эзэмшүүлэх, захиран зарцуулах эрх мэдлийг нь нээлттэй компанийн засаглалаар дамжуулан хэрэгжүүлэх үзэл баримтлалаа төрийн бодлого, шийдвэрт хагас дутуу ч болов тусгаад амжсан Ардчилсан намд одоо дараа дараагийн алхам л чухал юм. Өөрөөр хэлбэл, дараагийн шатанд Оюутолгойн хувьцааг иргэдэд олгох, хувьцааны үнэ цэнийг өсгөх, хувьцаат компанийг зөв хэлбэрээр хөгжүүлэх зэрэг хөгжлийн үйл явц чухал. Энэ удаад МАН-тай хамтарсны хүчинд эхлэлийг нь тавьсан. МАН ч бас эрх мэдлээ АН-тай хуваалцсаныхаа шанд иргэдэд 1.5 сая төгрөгийг бүтнээр, бэлнээр биш ч гэлээ хагасалж, хугасалсан, үгүй ядахад хувьцаа өгсөн гэж хэлэх нүүртэй боллоо доо. Хамтарсны хэрэг хэн хэнд нь гарлаа.