Авлигатай тэмцэх газар, хуулийн байгууллагууд уялдаатай ажиллахыг сануулав

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Авлигатай тэмцэх газар, хуулийн байгууллагууд уялдаатай ажиллахыг сануулав

Авлигатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлөөс /ОНЗ/ өчигдөр “ТВ9” телевизийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлаж АТГ-ын үйл ажиллагаа болон тавдугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр бо­лох Сонирхлын зөрчлийн ту­хай хуулийн талаар мэдээлэл хий­лээ. Мөн АТГ-ын төрийн зарим байгуулагатай хамтран ажиллах чиг­лэлийн талаар мэдээлэл өгсөн юм.

Авлигын эсрэг хуульд зааснаар авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөх­цөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон гүйцэтгэх ажил явуулахаас бусад үйл ажилла­гаанд хяналт тавих гэсэн үүргийг хэрэгжүүлэхээр болсон аж. “АТГ-тай бид хамтран ажиллах гэрээ хийнэ. Удирдлагын шинэчлэлт хийс­нээр АТГ үйл ажиллагааны хувьд гайгүй болоод байгаа. Хөрөнгө орлогын мэдүүлгийг 58189 төрийн албан хаагч өгчихсөн байгаа нь 99 хувийн үзүүлэлт юм. Мөн дунд сургуулийн 60 багш, төрийн 1281 ажилтанд авлигын талаар сургалтыг зохион байгуулсан байна. Бид шинэ хуулинд заасны дагуу АТГ-ын үйл ажиллагааг сайжруулахын тулд хамтран ажиллаж, олон нийтийн санаа бодлыг цаг алдалгүй хүргэж байх болно” гэж ОНЗ-ийн гишүүн Т.Хасбаатар ярилаа.

Сүүлийн үед ОНЗ-д иргэдээс маш олон санал, гомдол ирээд байгаа ажээ. Ирүүлсэн гомдлуудыг цэгцлэн АТГ-д өгөх гэж байгаагаа ОНЗ-ын гишүүд мэдэгдэж байсан юм. Нөгөөтэйгүүр  хэд, хэдэн  аймгийн Засаг дарга нартай холбоотой хэрэг шүүхэд шилжсэн ч Налайх дүүрэг, Увс, Өвөрхангай аймгийн Засаг дарга нарын хэргийг хэрэгсэхгүй болгох оролдлого удаа дараа гарч байгааг хянан үзнэ гэдгийг ч мэдэгдсэн байна. “Өвөрхангай аймгийн Засаг даргыг шалгаж байхад тухайн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Цоодолсэнгээ шалгасан. Гэтэл Өвөрхангайн Засаг даргын хамаатан болж таарсан. Тийм учраас энэ хэргийг шалгахдаа олон нийтийн ашиг сонирхлыг тусган ажиллаж чадаагүй. Хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ч үүнтэй холбоотой. Тиймээс олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалан ажиллаж чадаагүйнх нь төлөө үүрэгт ажлаасаа огцрох ёстой” гэж АТГ-ын ОНЗ-ийн дарга Д.Сүхбаатар ярьсан юм.

АТГ, Прокурорын хооронд үл ойлголцол бодитойгоор ор­шиж, нэг нь нөгөөгийнхөө шийд­вэрийг үгүйсгэх, зөрчилдөх бай­дал илт анзаарагдаж байгаад тэд шүүмжлэлтэй ханддагаа илэр­хий­лэв. “Иймэрхүү байдал олны нүдэнд тодорхой харагдаж байна. Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийн хэрэгт прокурор эрүү үүсгэчихээд байхад АТГ нь үүнийг хүлээж авдаггүй. УИХ-ын гишүүн Х.Баттулгын мэдээлсэн хэрэгт АТГ эрүү үүсгэчихээд байхад прокурор нь хүлээж авахгүй байна. Буруу зөвийг шүүх тогтоодог байтал энэ хоёр байгууллага ингэж бие, бие рүүгээ хэргээ түлхэж болохгүй. Хэрвээ иймэрхүү байдлыг гаргасаар байх юм бол Монголын авилгал цэцэглэсээр байх болно” гэж ОНЗ-ийн гишүүн Р.Батсайхан хэлэв.

УИХ-ын гишүүн Х.Баттулгын гаргасан өргөдлийн дагуу АТГ-аас үүсгэсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурор хэрэгсэхгүй болгосон нь өөрөө авлигын болон албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан шинжтэй үйлдэл гэдгийг сануулж байлаа. Харин “Хувь хүмүүс авлига өгч авалцахыг нүдээр харсан эсвэл мэдэж байгаа бол АТГ-д нэн даруй мэдээлэх үүрэгтэй гэж хуулинд заачихсан байгаа шүү дээ. Тиймээс энэ хэргийг зайлшгүй шалгах л ёстой” гэж ОНЗ-ийн гишүүн, “Сонгогчдын боловсрол” төрийн бус байгууллагын тэргүүн Р.Бурмаа мэдэгдсэн юм.

Аливаа хэргийн үнэн мөнийг шүүх л тогтоодог байтал хуулийн байгууллагууд хэргийг хянан, шалгах явцад саад учруулж байгааг АТГ-ын олон нийтийн зөвлөл эрс эсэргүүцэж байсан юм. “Жирийн иргэд төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой авилгын авиваа асуудлаар баримттай өргөдөл гомдол олноор гаргадаг. Харамсалтай нь нь эдгээр хэргүүдэд ямар нэг үнэдслэл, шалтгаанаа тайлбарлахгүйгээр хэрэг үүсгэхээс татгалздаг гэсэн гомдлууд ОНЗ-д олноор ирдэг” гэж ОНЗ-ийн дарга Д.Сүхбаатар ярьж байна.

Ийнхүү АТГ-ын олон нийтийн зөвлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэдний тавьж байгаа гол асуудал тухайн хэргийг олон нийтийн ашиг сонирхолын үүднээс хянан, шалгах ажиллагаа байсан юм.

Ц.Нямдоржийг хэлсэн үгнийх нь төлөө шалгах ёстой

АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүн Р.Батсайханаас цөөн асуултанд тодруулга авлаа.

-АТГ буруутай хүмүүст хариуц­лага хүлээлгэх тал дээр хэрхэн ажиллаж байна гэж боддог вэ?

-Би үүнд хариулт өгөх хүн биш. Гэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хэлсэн үгнийх нь төлөө шалгах ёстой. Олон байр бий, өндөр үнэтэй түрээсийн байранд амьдардаг гэж яриандаа хэлсэн шүү дээ. Хоёр өрөө байранд амьдардаг гэдгээ хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ бичсэн байсан. Түрээсийн байранд байгаагаа хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдээлээгүй. Тиймээс хэлсэн үгнийх нь төлөө шалгах л ёстой.

-АТГ-ын үйл ажиллагааг хэр­хэн дүгнэх вэ?

-Харьцангуй гайгүй байгаа. Гэхдээ төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоо гэж байх ёстой. Түүнээс биш АТГ прокурор руу асуудлаа шидээд, прокурор АТГ руу эргүүлж шидээд байвал авлигатай тэмцэх ажил сайн байж чадахгүй л болов уу.

-Та бүхэнд ашиг сонирхолын зөрчил байхгүй гэдгийг хэрхэн нотлох вэ?

-Төрийн жирийн нэг албан хаагчийг олон үггүй шалгадаг бол өндөр албан тушаалтнуудыг шалгах­даа удаж байна шүү дээ. Тиймээс өндөр албан тушаалтнуудыг ижилхэн л шалгах ёстой. Бидэнд ашиг сонирхлоороо зөрчилдөөд байх ямар ч шалтгаан байхгүй.

АТГ уялдаатай ажиллах ёстой


АТГ-ын олон нийтийн зөвлөлийн дарга  Д.Сүхбаатар цөөн асуултанд тодруулга авлаа.

-АТГ буруутай хүмүүст ха­риуц­лага хүлээлгэх тал дээр хэр­хэн ажиллаж байна гэж боддог вэ?

-Олон нийтийн эрх ашигт нийцсэн байдалтайгаар ажиллах ёстой. Хамгийн гол нь  уялдаатай л ажилладаг байх шаардлагатай. Хэргийг шалгах явцад ямар нэгэн хөндлөнгийн саадгүй л байх учиртай.

-АТГ-ын үйл ажиллагааг хэр­хэн дүгнэх вэ?

-Би дээр хэлсэн. Уялдаатай ажиллах ёстой гэж. Нэг, нэг рүүгээ цаас шидилцээд байвал Монгол Улс авлигатай тэмцэх ажилд амжилт олохгүй.

-Та бүхэнд ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдгийг хэрхэн нотлох вэ?

-Тийм юм огт байхгүй. АТГ өндөр албан тушаалт­нууд­тай холбоотой хэргүүдийг шалгахдаа олон нийтийн эрх ашигт нийцсэн байдлаар л ажиллаасай гэж хүсч байгаа.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж