Шалгалтын төвтэй хэлэлцээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Шалгалтын төвтэй хэлэлцээ байгуулна

Кембрижийн Их сургуулийн Олон улсын шалгалтын төвтэй 2011 онд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар олон улсад жишиг болсон Кембрижийн стандарт манай улсад нутагших галт тэргийг хөдөлгөж байсан бол өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү санамж бичгийг үндэслэн бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх талаар хоёр талын харилцан хамтын ажиллагааны зарчим, хэм хэмжээ, талуудын эдлэх эрх, хүлээх хариуцлага болон үйл ажиллагааны чиглэл, ажлын хүрээ, хуваарь, гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг тодорхойлсон Боловсролын үйлчилгээ үзүүлэх тухай хэлэлцээрийг Кембрижийн олон улсын шалгалтын төвтэй байгуулах нь зүйтэй гэж тогтлоо. Хэлэлцээрт энэ оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гарын үсэг зурна.
Кембрижийн стандартыг баримжаалан бага, дунд боловсролын сургалтын үйлчилгээ, чанарыг олон улсын жишигт хүргэх, чанартай, өрсөлдөх чадвартай боловсролын тогтолцоог бий болгох Засгийн газрын бодлогын хүрээнд хос хэлээр хичээллэх төрийн өмчийн 3 сургуулийг Улаанбаатар хотноо байгуулсан бөгөөд 2018 он гэхэд ийм төрлийн сургуулийг аймаг бүрт 1, Улаанбаатарт 10-ыг байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

Одоогийн байдлаар математик, байгалийн шинэчлэл, физик, хими, биологи, англи хэл гэсэн хичээлүүдийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, энэ 4 дүгээр сараас улсын хэмжээнд 31 үндэсний лаборатори сургуулийн сургалтад нэвтрүүлэх туршилтыг эхлүүлээд байна. Эдгээрээс гадна багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх, сурах бичгийг шинэчлэх, боловсролын үнэлгээний системийг өөрчлөх, чанарын хяналтын үндэсний тогтолцоо бий болгох, боловсролын институциудын мэргэжлийн чадавхийг сайжруулах, багш бэлтгэдэг сургуулиудын сургалтын агуулга, зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг ажлыг Кембрижийн стандартыг баримжаалан хэрэгжүүлж буй боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд хийх юм гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж